АНУ-ын холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0-0.25 хувийн хооронд бууруулах арга хэмжээ аваад байна

Дэлхийн улс орнууд Сovid-19-ын тархалтыг зогсоох чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа энэ цаг үед вирусийн эдийн засагт үзүүлж буй нөлөө нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас ч ноцтой байдалд хүргэх эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулж байна. Улмаар вирусийн тархалтаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд английн төв банк, АНУ-ын холбооны нөөцийн сан зэрэг дэлхийн олон орны төв банкууд бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авч эхлээд байгаа юм

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарлаад байгаа шинэ коронавирусийн халдвар өдгөө 190 гаруй оронд бүртгэгдэж, дэлхийн эдийн засаг үлэмж хэмжээний хохирол учруулаад байна.

Уг вирусийн  дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө 2008 оны эдийн засгийн хямралаас ч давах аюул үүсээд байгаатай холбогдуулаад улс орнуудын засгийн газар, төв банкуудаас онц байдлын томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай тулгараад байгаа юм.

Тухайлбал энэ сарын эхэнд л гэхэд АНУ-ын холбооны нөөцийн сан, английн төв банк бодлогын хүүгээ огцом бууруулах арга хэмжээ аваад байна.

Түүнчлэн АНУ-ын засгийн газар вирусээс үүдэлтэй эдийн засгийн хохирол амссан  хувь хүмүүст тусламж үзүүлэх зорилгоор нэг их наяд ам.долларын эдийн засгийн тусламжийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бол тус улстай хил залгаа канад улс эдийн засгийн хохирол амссан хувь хүмүүс, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой 82 тэрбум америк долларын санг бүрдүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Тэгвэл коронавирусийн дэгдэлтээс өмнө ой хээрийн түймэрт өртөж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа австрали улсын засгийн газар вирусийн дэгдэлтийн улмаас эдийн засгийн хохирол амссан иргэддээ 10 мянган австрали доллар, харин нисэхийн салбарт 715 сая авс.долларын дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тус улсад одоогийн байдлаар шинэ коронавирусийн 1700 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Улмаар вирусээс үүдэлтэй хөл хорионы улмаас бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрч, санхүүгийн зах зээлд томоохон уналт үүссэний дээр томоохон байгууллагууд болон банкууд дэлхийн эдийн засагт үзүүлэх таамаглалаа бууруулаад байна.

Тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага гуравдугаар сард танилцуулсан тайландаа 2020 онд дэлхийн бараг бүх улсын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаг буурна гэдгийг мэдээлсэн юм.

Түүнчлэн тус байгууллагаас энэ онд олон улсын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцооллыг 2.9 байсныг 2.4 болгон бууруулж байгаагаа мэдэгдээд цаашид хэрэв вирусийн тархалт намжихгүй бол дээрх тоо 1.5 хувь хүртлээ буурах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.