Дэлхий дахинд цар тахлын хамрах хүрээ хурдацтай нэмэгдэж байгааг ДЭМБ анхаарууллаа

Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрээд байгаа шинэ коронавирусын халдвар олон улсад эрчимтэй тархаж байгаа тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэлээ. Өнөөдрийн байдлаар Ковид-19-ийн халдвар дэлхийн 195 оронд бүртгэгдээд байгаагаас 378 мянган хүн халдвар авч, 16 мянган хүн нас барсан бол 100 мянга гаруй хүн эдгээд байна.

Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн цагаас хойш дэлхийд нийт 67 өдрийн дараа 100 мянга дахь тохиолдлыг бүртгэж байсан бол үүнээс хойш 11 өдрийн дараа 200 мянга дахь тохиолдол бүртгэгдэж байжээ. 

Тэгвэл 200 мянга дахь тохиолдол бүртгэгдсэнээс ердөө дөрөв хоногийн дараа 300 мянга дахь тохиолдол бүртгэгдсэн нь халдварын тархалт хэр эрчимтэй явагдаж байгааг харуулж байна хэмээн дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсан байна.

Гэсэн хэдий ч халдварын тархалтыг зогсооход өнөө хэр нь оройтоогүй гэдгийг тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом мэдэгдээд улс орнуудын зүгээс хөл хорионы дэглэм тогтоож байгаа нь сайшаалтай боловч вирусийн халдварыг эрт илрүүлэх, эрт тусгаарлах зэргээр тэмцлийн арга хэмжээнүүдээ улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.

Энэ сарын эхнээс халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа Итали улсад өчигдөр 4700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 5 өдрийн байдлаарх хамгийн бага үзүүлэлт нь болж, улмаар тус улсад халдварын оргил үе дууссан байж магадгүй гэсэн найдлагыг ажиглагчдын дунд төрүүлээд байна.

Харин АНУ-д өчигдөр 10 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүнийх нь тоо 40 мянга даваад байгаа бол нас барсан хүнийх нь тоо 553 болж нэмэгджээ.

Одоогоор тус улсад нийт хүн амынх нь 3-ны 1-ийг буюу 100 сая гаруй хүнийг хамарсан хөл хорионы дэглэм хэрэгжиж эхлээд байгаагаас халдварын тархалтад хамгийн их өртсөн Калифорни, Вашингтон, Нью-Йорк мужууд руу үндэсний гвардын цэргүүдийг дайчлах шийдвэр гаргаснаа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна.

Харин халдварын хүнд оргил үеэ аль хэдийн ардаа үлдээгээд байгаа БНХАУ-д өчигдөр 78 шинэ тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь гаднаас импортлогдож орж ирсэн тохиолдлууд байгааг тус улсын үндэсний эрүүл мэндийн комисс мэдээлжээ.