ОХУ-д үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаалууд зохион байгуулагджээ

ОХУ-ын зарим хотуудаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг эсэргүүцсэн жижиг хэмжээний жагсаалууд зохион байгуулагдсан байна. Харин коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглосонтой холбогдуулаад Москва болон Санкт Петербург зэрэг томоохон хотуудад зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан жагсаал цуглаанууд цуцлагджээ.

Энэ сарын эхэнд Оросын төрийн думын гишүүн, зөвлөлтийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешкова ерөнхийлөгч Владимир Путины бүрэн эрхийн хугацааг тэглэх саналыг анх парламентад дэвшүүлж, гишүүдийн дэмжлэгийг хүлээж байсан юм. Улмаар ерөнхийлөгч Владимир Путины зүгээс тус нэмэлт, өөрчлөлтийг боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдээд, хэрэв үндсэн хуулийн цэц үүнийг үндсэн хуульд харшлахгүй гэж үзвэл дахин өрсөлдөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байжээ.

Үүний дараагаар ОХУ-ын үндсэн хуулийн цэцээс ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх нь хуульд нийцнэ гэж үзсэн нь 1998 онд Борис Ельцинийг гурав дахь удаагаа сонгуульд өрсөлдөхийг нь хориглож байсан байр сууриа өөрчилснийг илтгэж байна гэж ажиглагчид дүгнэсэн байна.

Одоогоор үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тус асуудлыг ирэх 4-р сарын 22-ны өдөр бүх нийтийн дунд санал хураалт явуулан эцэслэн шийдвэрлэхээр болсон бөгөөд хэрэв тус санал хураалтаар иргэд үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжвэл ерөнхийлөгч Владимир Путин 2024 он гэхэд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад дахин 2036 он хүртэл буюу 83 нас хүртлээ Орос улсын төрийг удирдах боломж нээгдэж байгаа юм.

Одоогийн байдлаар тус улсад 20-с дээш тооны хүн нэг дор цугларахыг хориглосон тул мусульман шашинтнууд голдуу оршин суудаг Татарстаны Казань хотноо 19 хүнтэй жагсаал зохион байгуулагдсан бол Сибирийн Красноярск хотноо 250 орчим хүнийг хамарсан жагсаал зохион байгуулагдсан байна.