БСШУСЯ: Оюутнуудын саналд үндэслэн Их дээд сургуулиудын цахим сургалтад хяналт тавьж ажиллана

Энэ жил улсын хэмжээнд 94 их дээд сургуульд 148 мянган оюутан  суралцаж байна. Эдгээрээс 108 мянган оюутан бакалаврын өдрийн ангид суралцдаг. Тэгвэл хөл хорио тогтоосонтой холбогдуулан их дээд сургуулиуд оюутнууддаа цахим хэлбэрээр  сургалт зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авч эхэлсэн.  Харин цахим сургалтын талаар оюутнууд олон талын байр суурьтай байгаа учраас  Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас Их дээд сургуулиудын цахим сургалт үр дүнтэй эсэхэд хяналт шалгалт зохион байгуулахаар болжээ.

Их дээд сургуулиудын танхимын сургалтын үйл ажиллагаа энэ оны нэгдүгээр сарын 27-ноос 4-р сарын 30 хүртэл зогсоод байна. Үүнтэй холбогдуулан сургалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах зөвлөмж, чиглэлийг харьяа яамнаас өгсөн. Өнөөдрийн байдлаар их дээд сургуулиуд цахим сургалт явуулж байсан туршлага, өөрсдийн нөөц бололцоог үндэслэж цахим сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгааг их дээд сургуулиудын төлөөлөл онцолж байна. Харин цахим сургалтын талаар оюутнууд янз бүрийн байр суурьтай байна. Монгол улсын их сургуулийн тухайд 300 гаруй багш 7800 гаруй оюутныг хамруулан цахим сургалтын талаар судалгааг явуулсан байна. Тус сургуулийн тухайд дотоодын “Сиси цахим систем болон Microfoft teams, Open edx, Facebook” зэргийг ашиглан боломжит байдлаар цахим сургалтыг явуулж байгаагаа мэдээлж байна. Харин СЭЗИС-ийн тухайд 2015 оноос цахим сургалтыг хэсэгчлэн нэвтрүүлж 700 хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулдаг байсан туршлага дээрээ үндэслэн одоо нийт 2000 хичээлийг 6000 гаруй оюутан судалж байгааг мэдээлж байна. Ингэхдээ их хэмжээний өгөгдөл, сүлжээний гацалт зэрэг асуудлыг шийдвэрлэж олон улсад ашигладаг moodle системийг ашиглаж байна.

Тэгвэл Их дээд сургуулиуд хөдөө орон нутагт байдаг, интернэт сүлжээ холбооны хүндрэл бэрхшээл тулгарч байгаа оюутнуудыг хичээлийг шимтгэлгүй цуцлах, мөн гэрийн даалгаврын гүйцэтгэх хугацааг 14 хоногоос багагүй болгох зэрэг зохион байгуулалтын ажлыг хийхээр болсон байна.