Манай улсын нийт хүн амын 904.5 мянга нь ядуу ангилалд багтаж байна

Үндэсний статистикийн газраас 2018 оны өрхийн нийгэм эдийн засгийн судалгааг  гаргажээ.  Манай улсын ядуурлын түвшин 28.4 хувь буюу нийт хүн амын 28 хувь нь ядуу амьдарч байгаа нь тус судалгаагаар тогтоогджээ.

Үүн дотроо нийслэлийн хүн амын 27.2 хувь, хөдөө орон нутгийн иргэдийн 30.8 хувь нь ядуу байна гэсэн тооцоо гарчээ.  Ядуу хүнийг тодорхойлох шалгуур нь ядуурлын шугам байдаг. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар нэг хүнд ноогдох  сарын хэрэглээг 166.580 төгрөгөөс бага бол тухайн хүнийг ядуу иргэнд тооцох  шугамыг зааглаж  өгсөн байдаг. Иймд манай улсын нийт хүн амын 28 хувь буюу 904.5 мянган хүний сарын хэрэглээ 166.580 төгрөгт хүрэхгүй байгаа гэсэн үг юм. Түүнчлэн гурав болон түүнээс дээш хүүхэдтэй айл ядууралд их өртөж байгаа нь судалгаагаар гарчээ.  Мөн гурван ядуу хүн тутмын хоёр нь бүрэн дунд буюу түүнээс бага боловсролтой ажилгүй, эдийн засгийн идэвхгүй хөдөлмөрийн насны иргэн  байгаа юм байна. Тиймээс боловсролгүй хүмүүс ур чадвар бага шаарддаг цалин хөлс багатай голцуу үйлчилгээний ажил хийх хандлагатай байгаа юм байна.

Мөн үндэсний статистикийн хорооноос 2016 онд ядуурлын тооцоог хийж зарлахад нийт хүн амын 29.6 хувь нь ядуу байсан бол 2018 оны судалгаагаар  1.2 хувиар ядуу иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа юм.