АНУ Шинэ Коронавирусийн халдвар авсан хүний тоогоороо Хятад улсыг давлаа

Өнөөдрийн байдлаар Шинэ Коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 531 мянга болж нэмэгдээд байгаагаас нас барсан хүний тоо 24 мянга давсан байна.  АНУ-д л гэхэд өчигдөр 17 мянган хүн халдвар авснаар нийт тохиолдлынх нь тоо 85 мянгад хүрч, халдвар авсан хүний тоогоороо цар тахлын анхны голомт болох Хятад улсаас даваад байгаа юм.

Улмаар тус улсын Эрүүл мэндийн салбарт хүндхэн нөхцөл байдал үүсээд байгаа ч ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс ирэх 4-р сарын дунд үе гэхэд хөл хорионы дэглэмийг цуцалж, иргэдийг ажилд нь явуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байна.Түүнчлэн тэрбээр өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Хятад улсыг халдвар авсан хүнийхээ тоог нуун дарагдуулсан хэмээн шүүмжилсэн ч тус улсын дарга Си Зиньпинтэй утсаар холбогдож, Коронавирусийн халдварын талаар зөвлөлдөхөөр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгджээ.

Хэдийгээр тус Улсын тухайд халдвар авсан хүний тоогоороо Хятад улсыг давсан ч нас баралтын түвшин нь Хятад, Итали зэрэг орнуудаас харьцангуй бага байгаа юм.

Хэрэв тус улсад халдварын тархалт энэ хэвээрээ тасралтгүй нэмэгдвэл 2 долоо хоногийн дараа гэхэд эмнэлэгүүд ачааллаа дийлэхгүйд хүрэх бөгөөд халдварын тархалтыг мэргэжилтнүүд 3 долоо хонгийн дараа гэхэд оргил үедээ хүрнэ гэж тооцоолоод байна.

Харин халдварын оргил үеэ аль хэдийн ардаа үлдээгээд байгаа БНХАУ-ын тухайд дотоод дахь тархалтаа хяналтандаа оруулсан ч сүүлийн үед бусад улс орнуудаас импортлогдон орж ирэх тохиолдлуудын тоо нэмэгдсээр байгаа учраас өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаснаа мэдэгджээ.