Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч "Их 20"-ийн бүлгэмийн удирдагчид өчигдөр коронавирусийн цар тахалтай тэмцэх төлөвлөгөөг  хэлэлцэхээр цахим хэлбэрийн зөвлөгөөн зохион байгуулсан байна. Өдгөө дэлхий даяар 24 мянган хүний амь насыг авч одоод байгаа шинэ коронавирусийн халдвар дэлхийн эдийн засагт томоохон цохилт үзүүлэх нь нэгэнт тодорхой болсон тул халдварын тархалттай нэгдсэн журмаар тэмцэж, цар тахлын хор хөнөөлийг хамтын хүчээр даван туулна гэдгээ их хорийн бүлгэмийн гишүүд мэдэгджээ.  

Түүнчлэн хоёр цагийн турш үргэлжилсэн онлайн зөвлөгөөний үеэр талууд цар тахлын бэлэн байдлыг өндөржүүлж, вирусийн эсрэг вакцин болон эм тариа бүтээх ажилд зориулан санхүүжилтыг нэмэгдүүлэх тал дээр зөвшилцөлд хүрсэн байна.

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг дангаар бүрдүүлдэг “Их 20”-ийн удирдагчдын тухайд 2008 онд болсон хямралын дараагаар эдийн засгийн шуурхай арга хэмжээ авч чадаагүй гэсэн шүүмжлэлд өртөөд байсан бол энэ удаад Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямралын хор хохирлыг бууруулах ажилд зориулж 5 их наяд америк доллар төсөвлөнө гэдгээ мэдэгджээ.