Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн тоо өсжээ

Энэ оны эхний улирлын байдлаар Монгол улсын шүүх 23 мянга 266 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс анхан шатны шүүхүүд эрүүгийн 3193 хэрэг шийдвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 157 хэргээр буурсан үзүүлэлттэй байна.

Харамсалтай нь эрүүгийн хэргээс зарим хэргийн тоо өсчээ. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, залилах болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Тэгвэл энэ сарын 8-нд Улсын ерөнхий прокурорын газрын  мэдээлснээр эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан" 55 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Эдгээр хэргээс тодорхой хувийг нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан, шийдвэрлэж холбогдох хуулийн хариуцлагыг хүлээлгэжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан тохиолдолд эрүүгийн хуулийн дагуу найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Хэрэв энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар хорих ялаар шийтгэдэг юм байна.