Олны анхаарлыг татсан зарим хэргийн гэм буруугийн шүүх хурал товлогджээ

Нийслэлийн прокурорын газраас  энэ оны 1-р улиралд 110 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа. Тэгвэл одоогоор Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох хэрэг, Хөгжлийн банкны удирдлагуудад холбогдох хэрэг, Зам, тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалын хүнийг санаатай алсан үйлдэлтэй хэрэгт холбогдуулан шүүх хуралдааны тов гарчээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалын хүнийг санаатай алсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2-р сарын 11-нд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар 3-р сарын 18-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийж,  гэм буруугийн шүүх хурал хоёр ч удаа хойшлоод байсан юм. Тэгвэл тав дугаар сарын 8-нд шүүх хурал болно.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Тавантолгой төслийг Монгол улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьж, Монгол улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт 2020 оны 2-р сарын 20-нд яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл 4-р сарын 16-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийж, 4-р сарын 23-нд гэм буруугийн шүүх хурал болно.

Мөн нийслэлийн прокурорын газраас энэ оны 1-р сарын 22-ны өдөр "Хөгжлийн банк"-ний  удирдлагууд болох Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг ирүүлснийг тус дүүргийн шүүх хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлэг шүүх хурлыг 3-р сарын 4-нд зарласан ч шүүгдэгч болон тэдгээрийн гаргасан хүсэлтүүдийн дагуу шүүх хурал 4 удаа хойшлогдоод байна.

Одоогоор Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын 7 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 3-р сарын 9-нд яллах дүгнэлт үйлдэж, ЧД-ийн ЭХАШ-ны шүүхэд тус тус шилжүүлсэн. Шүүх хурал товлогдоогүй байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй Засгийн газрын гишүүн Б.Болор, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын 7 хүнд холбогдох хэргийг прокурорын байгууллага хянаж, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Одоогоор хуралдаан товлогдоогүй байна.