Сургалтын төвүүдийн үйл ажиллагаа доголдож 300 гаруй нь хаалгаа барьжээ

Засгийн газраас Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг 1-р сарын 26-наас эхлэн зогсоож, түр зогсоосон хугацааг ирэх 9-р сарын нэгэн хүртэл сунгаад байгаа. Тэгвэл Ковид-19 халдварын хөл хорионоос үйл ажиллагаа нь хязгаарлагдсан  сургалтын төвүүдийн төлөөллүүд өчигдөр төр засгийн удирдлагуудад хандаж мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 1100 орчим албан ёсны эрхтэй богино хугацааны сургалтын төвүүдэд 5000 гаруй багш ажилчид ажилладаг байна.  Өнгөрсөн гурван сарын хугацаанд байрны түрээс, багш ажилчдын цалин, шимтгэл, арилжааны банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн улмаас 300 гаруй сургалтын төв дампуурсан болохыг тус хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан юм. Тэдний зүгээс Фитнесс, Иог, Саун, амралтын газруудын үйл ажиллагааг нээж, мөн хүмүүс олноор үйлчлүүлдэг хоолны газар худалдаа үйлчилгээний төв, банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байхад цөөн хүнтэй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоож байгаад эсэргүүцсэн байр суурьтай байна.

100 гаруй сургалтын төвийн төлөөллүүд гарын үсэг цуглуулсан шаардах бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар, ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан нарт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.