Хөл хориог сулруулах нь цар тахлыг эрчимжүүлэх эрсдэлтэй гэж ДЭМБ анхаарууллаа

Өнөөдөр дэлхийн даяар Ковид-19 халдвар авсан хүний тоо 2.6 саяд хүрээд байгаагаас 184 мянган хүн нас барж, 717 мянган хүн эдгэрчээ.Энэ дунд цар тахлын томоохон голомтуудын нэг болоод байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсад хөл хориог аажмаар сулруулах арга хэмжээг авч эхлээд байгаагаас гадуур явахдаа амны хаалт заавал зүүх журмыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Одоогоор тус улсын Засгийн газраас Био-эн-тэк компанид бүтээгдэж байгаа вакциныг хүн дээр турших зөвшөөрөл өгсөн төдийгүй уг туршилтад халдвар аваагүй, 18-55 насны сайн дурын 200 хүн оролцохоор болжээ. Улмаар вирусээс урьдчилан сэргийлэх вакцин гарах хүртэл 12-18 сарын хугацаа орох төлөвтэй байгаа энэ цаг үед халдварын дэгдэлтийг бууруулахын тулд хөл хорионы дэглэм тогтоох шаардлагатай гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм.Тэгвэл сүүлийн үед зарим улс орнууд эдийн засгаа эргэн сэргээх зорилгоор хөл хорионы дэглэмээ сулруулж эхэлсэн нь халдварын тархалтыг улам эрчимжүүлэх эрсдэл үүсгээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адхейном Гебрейсус мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр Баруун Европт халдварын тархалт ерөнхийдөө тогтворжиж, цаашлаад буурах хандлага ажиглагдаж байгаа бол Дэлхийн ихэнх улс оронд цар тахлын нөхцөл байдал дөнгөж эхний үе шат дээрээ явааг анхааруулсан байна. Хэдийгээр мэргэжилтнүүдийн зүгээс цар тахлын аюул зогсох болоогүй, дараа дараачийн давалгаанууд ирэх өвөл гэхэд дахин дэгдэх магадлалтайг сэрэмжлүүлж байгаа ч үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямралын улмаас хэдэн сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, хөгжил буурай орнуудад өлсгөлөн ядуурал газар авахын сацуу энэ оны сүүлээр л гэхэд 130 орчим сая хүн хоол хүнсгүй болох тооцоо гараад байна.