Иран улс түүхэндээ анх удаа цэргийн зориулалттай хиймэл дагуул хөөргөжээ

Иран улсын хувьсгалт Гвард өчигдөр анх удаагаа цэргийн зориулалттай хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөө мэдэгдлээ. Тус улсын гурван шатлалт "Касед" пуужин хиймэл дагуулыг тээвэрлэн эх дэлхийгээс 425 кмийн зайд орших тойрог замд байршуулсан байна.

Одоогоор энэхүү ажиллагаа нь амжилттай болсон эсэх нь батлагдаагүй байгаа ч Иран улсын энэхүү үйлдэл нь Нэгдсэн үндэстний байгууллагын тогтоолыг зөрчсөн тул хариуцлага тооцох ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ. Иран улсын тухайд өмнө нь хэд хэдэн удаа хиймэл дагуул хөөргөх гэж оролдоод бүтэлгүйтсэн төдийгүй  хамгийн сүүлд энэ оны 2-р сард зафар хэмээх хиймэл дагуулыг хөөргөсөн ч амжилтгүй болсон юм.

Тэгвэл тус улсын энэ удаагийн ажиллагаа амжилттай болсон гэх мэдээлэлтэй зэрэгцээд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс Иран улсын талаас хэрэв АНУ-ын хөлөг онгоцууд руу дайралт хийвэл тэр дор нь устгахыг тэнгисийн цэргүүддээ үүрэг болгосон гэдгээ мэдэгджээ. АНУ-ын тухайд 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарч байгаагаа 2018 онд зарласнаас хойш Иран улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ эргэн сэргээх шийдвэр гаргаад байгаа юм. Түүнчлэн энэ оны эхэнд Ираны хувьсгалт Гвардын командлагч сулейманигийн амь насыг хөнөөх ажиллагааг АНУ-ын талаас зохион байгуулсан нь илэрснээр хоёр орны хооронд дайн дэгдэж ч болзошгүй хурцадмал байдал үүсээд байсан юм