Цар тахал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүнд тусаж байна

Өнгөрсөн баасан гарагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум"-аас "Ковид-19" цар тахал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд хүнд дарамт болж байгаа талаар мэдээлэл хийж төр засгийн удирдлагуудад шаардлага тавьж байгаагаа мэдэгдлээ. 

Өнөөдөр Монгол улсад нийт 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 90 хувь нь амьдралын нэн ядуу түвшинд, туйлын хүнд нөхцөлд амьдардаг болохыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас онцлон хэллээ.

Цар тахалтай холбоотойгоор орон даяар хэрэгжүүлж байгаа хязгаарлалт, хорио цээрийн арга хэмжээнээс үүдэж олон мянган ажлын байр цомхотголд орсоноор ажилгүй орлогогүй болж байгаа иргэдийн цаана байгаа  олон мянган  хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүнд байдалд орж байгаа юм. Мөн бүх шатны сургалтын байгууллагын танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоож цахимаар хичээллэх болсон нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад хүртээмжтэй хүрч чадахгүй байгааг шүүмжилж байлаа. Халамж, тэтгэврээс өөр орлогогүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд халдвараас сэргийлэх хамгаалалтын бодис, хэрэгсэл авахаас илүү хоол хүнсээ  авч чадахгүйд хүрч байгаа учраас төр засгаас цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжиргааг дэмжсэн тодорхой шийдвэрийг гаргахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Улмаар Нэгдсэн үндэстний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад Олон улсын хүний эрхийн байгууллагаас цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарал хандуулж шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар улс орнуудын засгийн газруудад хандаж зөвлөмж уриалга, мэдэгдэл гаргасан байдаг. Энэ дагуу манай улсын Засгийн газар цар тахалд хамгийн хүнд нэрвэгдэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд чиглэсэн дэмжлэг, шаардлагатай арга хэмжээ авах ёстой гэсэн юм