240 мянган иргэн хүнс тэжээлийн эрхийн бичгээр амьжиргааны хоол хүнсээ залгуулж байна

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай Өрхийн гишүүн-Иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг олгодог. Тодруулбал иргэдийн хэлж заншсанаар Хүнсний талон буюу хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг 2013 оноос эхлэн 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Хүнсний талонтой холбоотой зарим тоон мэдээллээс дурдвал:

-Хүнсний эрхийн бичгийг сард нэг удаа олгодог, том хүн 16 мянган төгрөг, хүүхэд найман мянган төгрөгөөр хүнс худалдан авах эрх авдаг байна.

-Энэ жил хүнс тэжээлийн дэмжлэг олгох үйлчилгээнд улсын хэмжээнд 44 мянган өрхийн 240 мянган иргэн хамрагдаж байна. Эдгээрийн 118 мянга нь хүүхэд, 10 мянга нь ахмад настан, 21 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

-Харин хүнс тэжээлийн дэмжлэг авдаг 106 мянга иргэн хөдөлмөрийн насны хүмүүс байна.

-Энэ жил хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд улсын төсвөөс 42.3 тэрбум төгрөгийг  төсөвлөсөн байна

Орлогыг орлуулан тооцох аргачлалын дагуу амьжиргааны түвшин орон нутагт 292.5 ба түүнээс доош, нийслэлд 310 ба түүнээс доош оноотой өрхийн гишүүн-иргэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагддаг. Энэ жил нийт 240 мянган иргэн хүнс тэжээлийн эрхийн бичиг авч байгаа нь Манай улсын хүн амын 7.5 хувийг эзэлж байна.

Сонгогдсон зорилтот бүлгийн иргэд хүнсний эрхийн бичгээр зөвхөн зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүнийг авахаар заасан байдаг. Хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний жагсаалтад импортын бус мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, импортын цөцгийн тос,  элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнэ багтсан байдаг. Хүнс тэжээлийн дэмжлэг авдаг иргэдийн хувьд амжиргаанд нь нэмэр болдог талаар ярьж байлаа.

2018 оны байдлаар 50 орчим мянган өрхийн 267 мянга орчим иргэн хүнс тэжээлийн эрхийн бичиг авч байсан бол хоёр жилийн дараах байдлаар буюу 2020 оны байдлаар 44 мянган өрхийн 240 мянган иргэн хүнсний талоноор хүнсээ авч байна. Иргэдийн хувьд оршин суугаа хаяг дээрээ байхгүй зэрэг шалтгаантай бол хүнсний дэмжлэгт хамрагдах боломжгүй болохыг албаны хүн хэлж байна.