4-р сарын 30, 5-р сарын 1, 2-нд тусгай үүргийн нислэг үйлдэж нийт 790 иргэнийг татан авна

Манай улс энэ сарын 30 буюу маргааш, ирэх сарын нэгэнд Сөүл-Улаанбаатар, 5-р сарын 2-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авахаар болсон. Дээрх нислэгүүдээр нийтдээ 790 иргэн ирэх юм. Нислэгүүдтэй холбоотой мэдээлэл болон улсын онцгой комиссын 20-р хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийг хүргэлээ.

Өнөөдрийн байдлаар гадаадын 35 улсаас 9900 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлээд байгааг улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлж байна. Тэгвэл ойрын хугацаанд үйлдэх гурван нислэгээр эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, өндөр настан болон асран хамгаалагчтай, бага насны хүүхэдтэй гэр бүл, бусад шалтгаан буюу оюутан сурагч зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэд байгааг шуурхай штабаас онцолж байна.

4-р сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 7 улсаас 273 иргэн, 5-р сарын 1-ний Сөүл-Улаанбаатар нислэгээр бүгд найрамдах солонгос улсад суугаа 271 иргэн, 5-р сарын 2-нд Франкфурт Улаанбаатар чиглэл транзит нислэгээр 13 улсаас 263 иргэн эх орондоо ирэх юм.

Улсын онцгой комиссоос хөрш оросын холбооны улсад халдварын дэгдэлт эрчимжиж өдөрт 5000 гаруй нийтдээ 87 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 5-р сарын 31 хүртэл сунгасан. Мөн ОХУ-аас ирсэн 21 оюутан, ачаа тээврийн жолооч болон түүний ойрын хавьтлаас Ковид-19 халдвар бүртгэгдсэн байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах нөхцөл болж байгааг шуурхай штабаас онцолж байна. 2-р сарын нэгнээс өнөөдрийг хүртэл манай улс тусгай үүргийн 8 нислэгээр 1800 гаруй иргэн, хилийн боомт болон төмөр замын боомтоор 2400 гаруй нийт 4300 иргэнийг гадаад улсаас татан аваад байна.