1072 хувьцаатай холбоотой залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл цахим орчинд гарч байна

Энэ оны тавдугаар сараас эхлэн 1072 хувьцааны ногдол ашгийг  иргэдэд олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан цахим орчинд эрдэнэс таван толгой хувьцаат компанийн 1072 хувьцааг худалдаж авна, барьцаалж зээл олгоно, бүртгэнэ гэх нэрийдлээр иргэдийг төөрөгдүүлэх,  залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй зарууд нийтлэгдэх болжээ.

Тэгвэл "Эрдэнэс Таван Толгой" хувьцаат компани нь хаалттай хувьцаат компани учраас хувьцааг ямар нэг хэлбэрээр хувь хүнд худалдаалах, бэлэглэх, гэрээслэх, барьцаалах боломжгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Мөн цахим орчинд 1072 хувьцааны данс нээж бүртгэнэ гэж иргэдийн хувийн мэдээллийг олж аван 3000-8000төгрөгийн хураамж авч байгаа иргэдийг хохироосон үйлдлүүд гарчээ.

Тэгвэл барьцаалах, худалдан авах зэрэг дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн 17.3- дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэгт тооцогдох юм.

Мөн нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, сонгино хайрхан дүүрэгт иргэд 1072 хувьцааг эзэмшигч болохыг баталгаажуулсан баримт бичгийг дэлгүүр, ТҮЦ-нд барьцаалж өргөн хэрэглээний хүнсний бараа худалдан авсан, ломбарданд барьцаалан орхисон тохиолдол байгаа юм. Үүний улмаас барьцаалан зээлдүүлэх газрын эзэн эрдэнэс таван толгой хувьцаат компанид хандан хувьцааг шилжүүлэн авах боломжгүйг мэдэн цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан жишээ байна.

1072 хувьцааг барьцаалах тохиолдол гарч байгаа нь иргэдийн эрх зүйн, мэдлэг боловсрол, мэдээлэл дутмаг байгаатай холбоотой юм. Тиймээс баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, 1072 хувьцаатай холбоотой мэдээллийг 1072 мэдээллийн төвд хандаж авахыг цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлж байна. Мөн цахим орчинд тарж байгаа худал зар мэдээлэлд автаж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.