Дэлхий даяар

Өнөөдөр дэлхий даяар Ковид-19 халдвар авсан хүний тоо 3.2 сая болж нэмэгдэн, нас барсан хүний тоо 228 мянгад хүрсэн бол эдгэрсэн хүний тоо 1 сая давжээ. Энэ дунд АНУ-д нас барсан хүний тоо 60 мянга давснаар 1967 оны томуугаас хойших хамгийн олон хүний амь нас үрэгдсэн цар тахалд тооцогдож байна.

Халдвар авсан хүний тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа тус улсын тухайд өдөрт л дунджаар 2 мянган хүн нас барж байна гэх тооцоо байгаа бөгөөд вьетнамын дайнд 16 жилийн турш оролцохдоо ч АНУ энэ их хэмжээний цэргүүдийг алдаж байгаагүй юм.

Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь улиран сонгогдуулахгүй байх зорилгоор Хятад улс тус вирусийг санаатайгаар тараасан хэмээн мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар тус улсад цар тахлаас үүдэлтэй хямралын нөлөөгөөр 26 сая хүн ажилгүй болсон гэх тооцоо байгаагаас цаашдаа ч улам нэмэгдэх хандлагатай байгааг шинжээчид анхааруулж байгаа юм.

Тэгвэл ази тивд Япон улс хөл хорионы дэглэмээ үргэлжлүүлэн сунгах асуудлаар хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн бол Өмнөд Солонгос улсад өчигдөр дотооддоо авсан халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй нь 2-р сараас хойших хамгийн сайн үзүүлэлт нь болсон байна.

Одоогоор эрдэмтдийн зүгээс Ковид 19 цар тахлын эсрэг вакцин гарган авах ажлыг түргэвчилж, эмчилгээ хийх төрөл бүрийн аргыг туршиж байгаагаас ремдесивир хэмээх эм коронавирусний эсрэг эмчилгээнд  үр дүнтэй байгааг тогтоожээ.

Хэдийгээр өнөөдөр  цар тахлын дэгдэлт дэлхийн 210 нутаг дэвсгэрт тархаж, 3.2 сая хүн халдвар авч байгаа ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй 33 нутаг дэвсгэр үлдээд байгаа юм. Тэдгээрийн дотор Тажикистан, Туркменистан, Науру, Соломоны арлууд багтаж байгаа бөгөөд халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэдэг нь халдвар огт тархаагүй гэсэн үг биш гэдгийг шинжээчид мэдээлжээ. Тухайлбал Хятад, Орос, Өмнөд Солонгостой хил залгаа Умард Солонгос улсад халдварын тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй хэмээн мэдээлж байгаа ч нууцалсан байх магадлалтай гэж шинжээчид байна.