Өмнөд Солонгост барилга дээр гал гарсны улмаас 38 хүн амь үрэгджээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос зүүн өмнөд зүгт 80 км-ийн зайд оршдог Ичонь хотод өчигдөр барилга дээр гал гарсны улмаас 38 хүн амь үрэгдэж, 10 хүн гэмтэж бэртсэн байна.Энэхүү явдал орон нутгийн цагаар 13 цагийн орчимд барилгын ажил ид явагдаж байх үеэр гарсан байна. Гал гарсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалтын ажил эхлүүлээд байгааг албаныхан мэдээлжээ.

Гал сөнөөх ажилд нийтдээ 335 гал сөнөөгч дайчлагдан ажилласнаас 5 цагийн дараа галыг бүрэн унтрааж дууссан байна. Амь үрэгдсэн хүмүүс бүгдээрээ барилгын ажилчид байсан төдийгүй барилгын зоорийн давхарт ажиллаж байх үед нь гал гарч, маш хурдацтайгаар шатаж эхэлжээ.

Одоогоор хохирогчдын хэн болохыг тогтоох ажил үргэлжилж байгаагаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгааг цагдаагийн газраас мэдээлсэн байна. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор  тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин шуурхай хуралдаан зарлаж, галын улмаас амь үрэгдсэн болон гэмтэж бэртсэн гадаад ажилчдын ар гэрийнхэнтэй холбоо барихыг холбогдох албаныхандаа үүрэг болгожээ.

Одоогоор гал гарсан шалтгааныг мэргэжилтнүүд зоорийн давхарт дулаалга хийхэд ашигласан шатамхай бодис дэлбэрснээс үүдэн гарсан байж болзошгүй хэмээн урьдчилсан байдлаар дүгнээд байна.