Гадаад улсад түр хугацаагаар очоод буцаж чадахгүй байгаа иргэд хүнд нөхцөлд байна

Ковид-19 халдварын дэгдэлттэй холбоотойгоор гадаадын 35 улсад суугаа 9900 гаруй Монгол улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлээд байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааг шат дараатайгаар үргэлжлүүлнэ гэж мэдээлж байгаа. Тэгвэл халдвар эрчимтэй дэгдэж байгаа Америкийн нэгдсэн улсад түр хугацаагаар очоод буцаж чадахгүй байгаа манай улсын иргэдийн төлөөлөл хүнд нөхцөлд байгаа талаараа ярьж, Засгийн газрыг анхааралдаа авахыг хүсэж байгаагаа илэрхийллээ. 

Халдварын дэгдэлт эрчимжиж байгаа Америкийн Нэгдсэн Улсад байгаа манай улсын иргэдийн төлөөлөл Л.Одсүрэн АНУ-д хувийн ажлаар энэ оны нэгдүгээр сарын 26-нд очжээ. Улмаар энэ оны 3-р сарын 4-нд буцах байсан ч хил хаагдаж буцаж чадаагүй өнөөг хүрсэн байна. Тэрбээр өөртэй нь адилхан  иргэдийн хувьд эдийн засаг, сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөлд байгааг хуваалцлаа. Мөн гадаад улсаас тусгай үүргийн нислэгээр ирэх хүсэлтээ өгөөд байгаа иргэдийн хувьд засгийн газар Улсын онцгой комисс яаралтай зохион байгуулалт, шаардлагатай арга хэмжээ авч иргэдийг нэн даруй авчрах хэрэгтэй гэдгийг илэрхийлж байгаа юм.

Өнөөдрийг хүртэл тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас нөөц бололцоондоо тулгуурлаж хүндэтгэх шалтгаантай иргэдийг авчирч байгааг Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлж байгаа. Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн хувьд татан авах ажиллагаанд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлж эх орондоо ирэх эрхийг ямар ч шалтгаанаар хааж болохгүй гэдгийг онцолсон юм.

Америкийн нэгдсэн улсаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа 1500 иргэн байгааг гадаад харилцааны яамнаас мэдээлж байгаа. Харин Улсын онцгой комисс эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, өндөр настан болон асран хамгаалагчтай, бага насны хүүхэдтэй гэр бүл, бусад шалтгаан буюу оюутан сурагч зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийг эхний ээлжинд татан авч байгааг мэдээлж байгаа юм.