Өчигдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр тохиолоо

Жил бүрийн 4-р сарын 30-ныг "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр" болгон дэлхий нийтээрээ тэмдэглээд 22 жилийн хугацаа өнгөрчээ. Харин Манай улс 2006 оноос эхлэн уг өдрийг 15 дахь жилдээ  тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг эерэг хүмүүжлийн аргаар хүмүүжүүлэхийг уриалдаг. "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр" хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг эцэг, эх, багш, асран хамгаалагчид зэрэг хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн оролцогч талуудад уриалдаг. Хүүхдийг зодож шийтгэснээр хүүхэд бие махбодын хохирол амсахаас гадна сэтгэл санааны хувьд хохирч үлддэг. Улмаар зодож шийтгэх нь хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрүүлөх эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцолж байна.

2019 онд гэмт хэргийн улмаас 1598 хүүхэд хохирч, 624 хүүхэд гэмтэж, 1356 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь хувь хүний хүмүүжил төлөвшил, зан байдал, гэр бүлийн харилцаа, архидалт зэрэг шууд нөлөөлж байна. Мөн хүүхдийг зодож шийтгэхийг хүмүүжлийн энгийн арга хэлбэр мэт хандах буруу хандлага иргэдийн дунд байгаа нь хүүхэд хохироход нөлөөлж байгааг цагдаагийн байгууллагаас онцолжээ.  

Манай улсад хүүхэд хамгааллын тухай, хүүхдийн эрхийн тухай хууль 2016 онд батлагдсан. Дээрх хуульд хүүхэд гэр бүлийн, боловсролын, эрүүл мэндийн, цахим, хэвлэл мэдээллийн орчинд хамгаалагдана гэж заасан. Гэвч хүүхдийн эсрэг гэмт хэргийн 87 хувийг насанд хүрсэн хүмүүс үйлдэж, гэр бүлийн орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тиймээс эцэг эхчүүд асран хамгаалагчид эерэг аргаар хүүхдийг хүмүүжүүлэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.