ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин

Өнөөдөр дэлхий даяар ковид-19 халдвараар өвчилсөн хүний тоо 3.3 сая болж нэмэгдсэн бол нас барсан хүний тоо 234 мянгад хүрчээ. 

Энэ дунд манай хойд хөрш ОХУ-д халдвар авсан хүний тоо 100 мянга даваад байгаагаас тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр Ковид-19-ийн халдвар авсан нь тогтоогдсон байна.ОХУ-д засгийн газар үйл ажиллагаа тодорхой хэмжээнд үргэлжилж, зарим хурал цуглааныг заавал биечлэн уулзалт хийн шийдвэрлэх шаардлагатай байгаа тул халдвар авах эрсдэл өндөр байгааг ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Одоогоор тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлуудын тэн хагас нь нийслэл Москва хотод бүртгэгдээд байгаа юм.

Тэгвэл өдгөө 54 настай Михаил Мишустины хувьд халдвар авсан талаараа өчигдөр Ерөнхийлөгч Владимир Путинд цахимаар мэдэгдэж, Засгийн газрын ажлыг нэгдүгээр Шадар сайд Андрей Белоусов түр орлон гүйцэтгэхээр болсон байна.

Харин өнгөрөгч лхагва гарагт анх удаагаа дотоодод илэрсэн нэг ч халдвар бүртгэгдээгүй гэсэн амжилт үзүүлээд байсан БНСУ-д өчигдөр 9 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.

Тэгвэл тус улстай хил залгаа Япон улсад улс орон даяар зарласан хөл хорионы дэглэм энэ сарын 6-ны өдөр дуусах хувиартай байгаа ч дахин нэг сараар сунгах тухай асуудлыг хэлэлцэж байгаа тухай тус улсын ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгдсэн байна.

Харин цар тахлын батлагдсан тохиолдлуудын 3-ны нэгийг бүрдүүлж байгаа АНУ-д халдварын тархалт эрчимтэй нэмэгдсээр байгаагаас хөл хорионы дэглэмийг цуцлахыг шаардсан жагсаал цуглаанууд тасралтгүй зохион байгуулагдсаар байгаа юм. Тухайлбал өчигдөр тус улсын Мичиган мужид зэвсэглэсэн жагсагчид Конгрессын байранд дайран орж, одоо хэрэгжиж байгаа хорио цээрийн дэглэмийг цуцлахыг шаардсан тухай эх сурвалжууд мэдээлжээ