АНУ-ын тагнуулын байгууллага

АНУ-ын Tагнуулын байгууллагаас Ковид19 халдварыг хүн бүтээгээгүй гэсэн дүгнэлтэд хүрснээ албан ёсоор мэдэгдлээ. Улмаар вирусийн гарал үүслийг тогтоох ажил үргэлжилж байгаа бөгөөд амьтнаас хүнд халдсан, эсвэл лабораториос санамсаргүй байдлаар алдагдсан эсэхийг тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна гэсэн хариултыг өгчээ.

Хэдийгээр  вирус анх Ухань хот дахь лабораториос алдагдсан гэх мэдээллийг БНХАУ-ын талаас эрс үгүйсгэсээр ирсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс Хятад улсыг санаатайгаар вирус тараасан гэх хэрэгт буруутгаад байгаа юм.

Тухайлбал өнгөрөгч сард тэрбээр Хятад улсыг вирусийн тархалтыг эрт зогсоох боломжтой байсан ч хангалтгүй арга хэмжээ авсан хэмээн шүүмжилж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг Хятад улсын талд хэт нэг талыг барьсан шийдвэрүүдийг гаргасан хэмээн буруутган тус байгууллагад олгох санхүүжилтээ зогсоох шийдвэр гаргаснаа зарлаад байна.

Өдгөө дэлхийн 210 нутаг дэвсгэрт тархаж, 3 сая 300 мянга гаруй хүнийг өвчлүүлээд байгаа Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус анх БНХАУ-ын Ухань хотноо илэрсэн цагаас эхлээд Хятад улсыг биологийн зэвсэг туршиж, түүнийгээ тараасан гэх хардлага дэлхий даяар мэтгэлцээний гол сэдэв болоод байсан юм.

Тэгвэл АНУ-ын Тагнуулын байгууллагаас энэхүү вирусийг хүн бүтээгээгүй гэсэн тайлбарыг өгсөн нь дээрх маргаанд цэг тавих анхны бодит мэдээлэл болсноороо өндөр ач холбогдолтойд тооцогдож байгааг ажиглагчид онцолжээ