Дэлхий даяар

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд Ковид-19 халдвар авсан хүний тоо 3.5 сая давж, нас барсан хүний тоо 248 мянгад хүрчээ. Сүүлийн үед умард америк болон европын улс орнуудаар шинээр халдвар авсан хүмүүсийн тоо харьцангуй буурч байгаа ч ОХУ болон латин америк, африкийн улс орнуудад эрчимтэй нэмэгдэж байна.

Хэдийгээр мэргэжилтнүүдийн зүгээс нийт халдварын тохиолдлуудыг одоо бүртгэгдсэн тохиолдлуудаас хавьгүй өндөр хэмээн тооцоолж байгаа ч 1918 онд дэгдэхдээ 500 сая хүнийг өвчлүүлж байсан испанийн томуугаас хэд дахин бага байгаа юм.

Өнгөрөгч 3-р сарын дундуур халдварын дэгдэлт ид оргил үедээ өдөрт л 13 хувиар нэмэгдэж байсан бол сүүлийн 7 хоногуудад 2-3 хувиар нэмэгдэж, ерөнхийдөө саарах хандлага ажиглагдаж байна. Улмаар дэлхийн ихэнх улс орон цар тахлаас үүдэлтэй хөл хорионы дэглэмийг сулруулж, хямралд орсон эдийн засгаа эргэн сэргээх зорилготой алхмуудыг хийж эхлээд байгаа ч мэргэжилтнүүдийн зүгээс халдварын 2 дахь давлагаа нүүрлэж болзошгүй гэсэн анхааруулгыг хүргүүлээд байгаа юм.

Тэгвэл сүүлийн 24 цагийн хугацаанд манай хойд хөрш ОХУ-д 10 мянга гаруй хүн халдвар авснаар нийт бүртгэгдсэн тохиолдлынх нь тоо 134 мянгад хүрээд байна. Эдгээрийн дийлэнх хувь нь нийслэл Москва хотод бүртгэгдээд байгаагаас тус хотын нийт оршин суугчдын 2 хувь нь халдвар авсан гэх тооцоо гарчээ.

Хэдийгээр ОХУ-д халдвар авсан хүний тоо нь эрчимтэй нэмэгдэж байгаа ч итали, америк, испани зэрэг халдварын дэгдэлт өндөр байгаа бусад улсуудтай харьцуулбал нас баралтын түвшин нь харьцангуй бага байгаа юм.

Одоогоор тус улсад өнгөрөгч 3-р сараас хойш хэрэгжсэн хатуу хөл хорионы дэглэм энэ сарын 11-нийг хүртэл сунгагдаад байгаагаас халдварын нөхцөл байдал хэр байгаагаас шалтгаалан энэ сарын 12 гэхэд зарим бүс нутгуудаар хөл хориог сулруулна гэдгээ ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.