Хоёр солонгосын зэвсэггүй бүсэд гал нээжээ

Солонгосын хойг дахь зэвсэггүй бүсэд өчигдөр умард болон өмнөд солонгосын талууд харилцан гал нээсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умард Солонгосын талаас анх Өмнөд Солонгосын Чорьвонь хэмээх тосгонд байрлах харуулын пост руу гал нээсэн бөгөөд үүний хариуд өмнөдийн цэргүүд анхааруулга өгөх зорилгоор хариу гал нээсэн гэх тайлбарыг өгчээ.

Энэхүү үйл явдал нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун биеийн байдал нь муудсан гэх цуу ярианаас хорь хоногийн дараа олны нүдэнд анх удаа ил гарсан үйл явдлын дараахан болсон гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна.

Одоогоор умардын талаас анх ямар зорилготой гал нээсэн гэдэг талаараа албан ёсны тайлбар өгөөгүй байгаа ч тухайн үед үзэгдэх орчин муу байснаас үүдэн санамсаргүй байдлаар гал нээсэн хэмээн үзэж байгаагаа өмнөд солонгосын тал мэдэгджээ.

Энэхүү үйл явдлын улмаас хүний амь нас үрэгдсэн болоод гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд санамсаргүй үйл явдал болсон гэсэн тайлбарыг мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна.

1950 онд эхэлсэн Солонгосын дайн 1953 онд түр гал зогсоох гэрээгээр өндөрлөх үед талууд фронтын шугамаар "Зэвсэггүй бүс" байгуулах шийдвэр гаргаж, 4 км-ийн өргөнтэй, 248 км урттай хилийн шугамаар зааглагдсан түүхтэй. Хэдийгээр "зэвсэггүй бүс" хэмээн нэрлэгддэг ч дэлхийн хамгийн хатуу чанга харуул хамгаалалттай хилийн бүсэд тооцогддог уг газарт Өмнөд болон Умард Солонгосын нийтдээ 200 гаруй харуулын пост байрладаг гэсэн тооцоо байдаг.

Хэдийгээр 2018 оны 9-р сард Умард Солонгосын нийслэл Пёньянд болсон хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, санамсаргүй байдлаар учирч болох цэрэг армийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх үүднээс хил дээр явуулж байгаа цэргийн бүх үйл ажиллагааг зогсоох баримт бичигт гарын үсэг зурсан ч тус яриа хэлэлцээр бүрэн хэрэгжиж байгаа эсэх нь өнөөг хэр нь тодорхойгүй байгаа юм.