Тасганы овооны замын нэг урсгалын засварын ажлыг энэ сарын 13-нд дуусгана

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр байна. Дээрх ажлууд дөрөвдүгээр сарын 1-ээс эхэлж, өнгөрсөн долоо хоногт гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол  үргэлжлүүлэн Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Баянгол дүүргийн Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам анх 1989 онд баригдсан байдаг. Түүнээс хойш 30 жилийн хугацаанд томоохон хэмжээний засвар арчлалт хийгдээгүй байна.

Засварын ажлыг хугацаанд нь дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байгаа юм. 1.09 км замын хойд тал буюу нэг урсгалын ажил энэ сарын 13-нд дуусах төлөвлөгөөтэй байгааг замын ерөнхий инженер онцолж байна.

Энэ оны нийслэлийн замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс санал хүсэлт их иржээ. Тухайлбал, хотын зах руу хатуу хучилттай зам тавих шаардлагатай гэх саналыг иргэдээс ихээр ирүүлсэн байна. Тиймээс 2020 оны бүтээн байгуулалтын зам засвар, шинэчлэлтийн дийлэнх нь хороод, дүүргүүд рүү хийхээр төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор явган хүний зам, ногоон байгууламж, ус зайлуулах шугам зэрэг замтай холбоотой бусад дэд бүтцийн ажлуудыг цогцоор нь хийнэ гэдгийг онцолж байна.