Дэлхий даяар

Өнөөдөр дэлхий даяар Ковид-19 халдвар авсан хүний тоо 3.6 сая болж нэмэгдсэн бол нас барсан хүний тоо 252 мянгад хүрчээ. Эдгээрээс европт 145 мянган хүн нас барсан бол АНУ-д 70 орчим мянган хүн нас барж, нийт эндэгдлийн 85 хувийг бүрдүүлж байна.

Улмаар АНУ-ын  халдварт өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төвөөс халдварын тархалт энэ хэвээрээ үргэлжлэн нэмэгдсээр байвал ирэх 6-р сар гэхэд нэг өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо одоогийнхоос 8 дахин нэмэгдэж,  өдөрт л 200 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэхээс гадна эндэгдлийн тоо нэг өдөрт 3000 хүртлээ нэмэгдэнэ гэж тооцоолсноо мэдээлжээ.

Ингэснээр АНУ-д одоо бүртгэгдээд байгаа нийт эндэгдлийн тоо хэдхэн сарын дотор гэхэд хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй байгааг
Нью Йорк Таймс сонин мэдээлсэн бол ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс ч мөн цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн тоо анх тооцоолж байсан 60 мянгаас аль хэдийн давсан тул цаашид 100 мянга хүртлээ нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Харин сүүлийн үед хөл хориог сулруулах арга хэмжээ аваад байгаа европын улс орнуудын тухайд халдварын оргил үеэ аль хэдийн ардаа орхисон хэмээн мэдээлж байгаа ч халдварын хоёр дахь давлагаа дэгдэхээс сэргийлэн олон нийтийн газар явахдаа амны хаалт заавал зүүх журмыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Тэгвэл манай хойд хөрш ОХУ-д өчигдөр халдвар авсан хүний тоо нь хоёр дахь өдрөө дараалан 10 мянга давж, нийт батлагдсан тохиолдлынх нь тоо 145 мянгад хүрсэн байна. Хэдийгээр тус улсад халдвар авсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж байгаа ч итали, америк, испани зэрэг халдварын дэгдэлт өндөр байгаа бусад улсуудтай харьцуулбал нас баралтын түвшин нь харьцангуй бага байгаа юм.

Одоогоор тус улсад өнгөрөгч 3-р сараас хойш хэрэгжсэн хатуу хөл хорионы дэглэм энэ сарын 11-нийг хүртэл сунгагдаад байгаагаас халдварын нөхцөл байдал хэр байгаагаас шалтгаалан энэ сарын 12 гэхэд зарим бүс нутгуудаар хөл хориог сулруулна гэдгээ ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.