Энэ сарын 7-нд Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хааж, хөл хорио тогтооно

Улсын онцгой комисс, Шадар сайдын тушаалаар "Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулилтын үйл ажиллагааг өнөөдөр буюу энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Дадлага сургуулилтын хүрээнд энэ сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд өглөөний 08 цагаас 18 цаг хүртэл хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Өөрөөр хэлбэл Ковид-19 халдвар дотооддоо алдсан тохиолдолд мэргэжлийн байгууллага бэлэн байдалд хэрхэн ажиллаж байгааг Чингэлтэй дүүргийн хэмжээнд хийх дадлага сургуулилтын хөл хорионоос харж болно гэдгийг албаныхан онцолж байна.

Чингэлтэй дүүргийн хувьд 63.9 км хилийн цэс бүхий нутаг дэвсгэрийг хамардаг байна. Дүүргийн хэмжээнд тойроод 656  цэгт албан хаагчдыг байршуулж орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаана, цагдаагийн байгууллага болон зэвсэгт хүчний 2000 гаруй албан хаагч хөл хориог тогтоож ажиллах юм. Эрүүл мэндийн болон бусад зайлшгүй шалтгаанаар хөдөлгөөн хийх шаардлагатай иргэдийг 7 цэгээр нэвтрүүлнэ, харин түргэн тусламж болон бусад Эрүүл мэндийн байгууллагууд ажиллана.

Дадлага сургуулилтын хөл хорио тогтоосон үед хөдөлгөөн хийсэн иргэдийг зөрчлийн хуулиар хариуцлага тооцох юм байна. Тиймээс мэргэжлийн байгууллагынхны зүгээс Чингэлтэй дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, иргэд үүргээ ухамсарлан гадуур зорчихгүй хөл хорионд байж гамшгаас хамгаалах сургуулилтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, дадлага сургуулилтад ач холбогдол өгч хамтран ажиллахыг уриаллаа. Тодруулбал Чингэлтэй дүүргийн иргэд оршин суугчид хөл хорио тогтоосон өдөр гадуур явахгүй. Банк санхүү, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дотоод ажлыг зохион байгуулах чиглэлийг өгчээ. Зайлшгүй ажиллах шаардлагатай аж ахуйн нэгжүүд 08.00 цагаас өмнө ажилчдыг цуглуулж, 18.00 цагаас хойш хөдөлгөөнд оролцуулах хэлбэрээр дотоод зохион байгуулалтыг хийх юм байна.

Мөн маргааш буюу энэ сарын 7-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээвэр нэвтрэхгүй юм. Зайлшгүй шаардлага гарч Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хөдөлгөөнд оролцох хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд яаралтай тусламжийн 101,102,103 болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын 7000-7105 дугаарт хандаж болох юм байна.