Их британид цар тахлын улмаас нас барсан хүний тоо Итали улсыг давлаа

Өнөөдөр дэлхий даяар Ковид-19 халдвар авсан хүний тоо 3.7 сая давж, нас барсан хүний тоо 258 мянгад хүрээд байна. Сүүлийн үед Их британид халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаагаас нас барсан хүний тоо нь 32 мянгад хүрснээр  Итали улсыг давж, Европт тэргүүлж эхэлжээ. Харин Испани, Франц зэрэг Европын бусад улс орнуудын тухайд халдварын тархалт харьцангуй буурч байгаагаас хөл хорионы дэглэмийг сулруулж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар Франц улсад шинэ төрлийн коронавирусний 170 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаагаас хамгийн эхний тохиолдол нь анх 1-р сард бүртгэгдсэн хэмээн мэдээлж байсан ч сүүлд явуулсан шинжилгээгээр 12-р сард орж ирсэн болох нь тогтоогдсон байна. Тодруулбал цар тахал дэгдэхээс өмнө эмчлүүлж байсан өвчтөнүүдийн сорьцыг дахин шинжлэх явцад өнгөрсөн оны 12-р сарын 27-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан амьсгалын замын өвчтэй хүнээс Covid-19-ийн халдвар илэрчээ.

Улмаар Франц улсад халдварын эхний тохиолдол өмнө нь тооцоолж байснаас ч аль эрт байсан орж ирсэн нь гайхаад байх зүйл биш гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдээд бусад улс орнуудад хандаж, эрт илрүүлэг хийхийн ач холбогдлыг онцолжээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Дэлхий дахин бүртгэгдсэн нийт тохиолдлын 3-ны нэгийг дангаараа бүрдүүлж байгаа АНУ-д ажилгүйдэл урьд хожид байгаагүйгээрээ нэмэгдсэнээс сүүлийн 6 долоо хоногийн дотор л гэхэд 30 сая хүн ажилгүй болсон гэх тооцоо байгаа юм.Үүнтэй  холбогдуулаад ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс бизнесүүдийн үйл ажиллагааг эргэн хэвийн байдалд нь оруулж, вирусийн эсрэг тэмцэх цагаан ордны ажлын хэсгийг татан буулгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь ирэх 11-р сард болох сонгуулиар ялалт байгуулахын тулд иргэдийн амь нас, эрүүл мэндийг аюулд учруулж байна гэсэн шүүмжлэлтэй тулгарчээ. Харин манай хойд хөрш ОХУ-ын тухайд нэг өдөрт шинээр халдвар авсан хүний тоо нь сүүлийн гурван өдөр дараалж 10 мянга даваад байгаагаас нийт батлагдсан тохиолдлынх нь тоо 155 мянгад хүрч, 1400 гаруй хүн нас барсан байна.

Хэдийгээр тус улсад халдварын оргил үе дуусах болоогүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа ч цар тахлаас үүдэлтэй хямралын нөлөөг бууруулахын тулд энэ сарын 12-ны өдрөөс эхлэн хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулах бодлого баримталж магадгүй гэж албаныхан мэдээлжээ.