Дарига Назарбаева Казахстаны парламентын даргын албан тушаалаас огцорчээ

Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын охин Дарига Назарбаева одоогийн ерөнхийлөгч Кассым Жомарт Токаевын шийдвэрээр парламентын даргын албан тушаалаасаа огцорсон байна. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсыг задарснаас хойш Казахстан улсын төрийг тасралтгүй 30 жилийн турш жолоодсон Нурсултан Назарбаев одоогоос нэг жилийн өмнө албан тушаалаа хүлээлгэн өгөх үед түүнийг залгамжлах хүнээр Дарига Назарбаева сонгогдоно гэсэн хүлээлт өндөр байсан боловч тухайн үед  Парламентын дээд танхимын даргын албан тушаалыг хашиж байсан Касым-Жомар Токаев сонгогдсон нь гэнэтийн шийдвэр болж байсан юм.

Улмаар Токаевын хувьд үүрэгт ажлаа хүлээн авсан даруйдаа нийслэл хот Астанаг Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын нэрээр нэрлэж, түүний охин Дарига Назарбаеваг парламентын даргын албан тушаалд томилж байсан ч ямар шалтгааны улмаас огцруулах болсон нь одоогоор тодорхойгүй байна. Хэдийгээр Нурсултан Назарбаевын хувьд өнгөрөгч онд гэнэтийн байдлаар суудлаасаа огцорсон ч тус улсын Засгийн газрын бодлого үйл ажиллагаанд тэр даруйдаа өөрчлөлт орохгүй, Назарбаевын нөлөөлөл хэвээр байгаа гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг. Тэр үүднээсээ Дарига Назарбаеваг улс төрөөс бүрмөсөн яваагүй, удахгүй шинэ албан тушаалд томилогдоно гэж ажиглагчид таамаглаж байна.