Өнөөдөр дэлхий даяар Ковид-19 халдвар авсан хүний тоо 3.8 сая давсан бол нас барсан хүний тоо 265 мянгад хүрээд байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс энэ удаагийн цар тахлыг 1941 онд сувдан эрэг дээр болсон дайралт болон 2001 оны 9-р сарын 11-ний өдөр гарсан террорист халдлагаас ч илүү хор хөнөөлтэй хамгийн аймшигт халдлага хэмээн тодорхойлж, БНХАУ-ын эсрэг шийтгэл оногдуулан хариу арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар тус улсад 73 мянган хүн коронавирусийн улмаас нас бараад байгаа бол энэ сарын эцэс гэхэд тус тоо 100 мянга давах эрсдэл үүсээд байгаа юм.

Улмаар АНУ-ын эрх баригчдаас ард иргэддээ хандан урт удаан үргэлжлэх хүнд хэцүү цаг үед бэлтгэлтэй байхыг сануулж, Ковид-19-ийн шинжилгээг илүү өргөн цар хүрээнд авах шаардлагатай байгааг онцолжээ.

Одоогоор дэлхий даяар сорьц шинжилгээ авах төхөөрөмжийн тоо хязгаарлагдмал байгаа учраас халдвар авсан хийгээд нас барсан хүмүүсийн тоо одоо бүртгэгдээд байгаа 3.8 саяас өндөр байж болзошгүйг шинжээчид мэдээлж байна.

Сүүлийн үед халдварын тархалт харьцангуй буурч байгаа европын улс орнуудад хөл хорионы дэглэм аажмаар цуцлагдаж эхлээд байгаагаас герман улсад энэ сард сургууль, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа эргэн сэргэх хувиартай байгаа бол хөлбөмбөгийн Бундеслигийн тоглолтуудыг үзэгчгүйгээр явуулах шийдвэр гарсан байна.

Харин Их Британид хөл хориог сулруулах зарим арга хэмжээнүүдийг ирэх долоо хоногоос эхлэн хэрэгжүүлэхээ ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн ч хөнгөн хуумгай шийдвэр гаргахгүй гэдгээ амлажээ. Тус улсын тухайд Ковид-19-ийн улмаас нас барсан хүний тоогоороо Итали улсыг давж,  улмаар Европтоо тэргүүлэх тааруу үзүүлэлтийг үзүүлээд байгаа юм.

Тэгвэл Азийн улс орнуудын тухайд цар тахлын дэгдэлтийг харьцангуй хяналтандаа оруулаад байгаагаас Хятад улсын Ухань хотод сургуулиудыг эргэн нээх шийдвэр гаргасан бол Өмнөд Солонгос улсад номын сангууд үүд хаалгаа нээж, хөл хорионд байсан хүмүүс эргэн ажилдаа орж эхэлжээ.