Самсунг корпорацийн өв залгамжлагч анх удаа олон нийтээс уучлалт гуйлаа

Самсунг корпорацийн өв залгамжлагч И Жэ юун өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, өөрийг нь тойрсон хээл хахуулийн хэрэгтэй холбоотойгоор олон нийтээс албан ёсоор уучлалт гуйсан байна.

Дэлхийд эдийн засгаараа 12-рт бичигддэг Өмнөд Солонгос улсын эдийн засгийн нэгэн томоохон хөдөлгөгч хүч болдог Самсунг корпорацийн тухайд сүүлийн жилүүдэд улс төртэй холбоотой дуулиан шуугианы бай болоод байгаа юм.

Тодруулбал тус корпорацийн өв залгамжлагч И Жэ Юун ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлигын хэрэгт  нэр холбогдож, 2018 оны 2-р сард 4 жилийн тэнсэн харгалзах ял аваад байсан ч өнгөрөгч онд шүүхийн тогтоолоор суллагджээ.

Гэвч удалгүй Сөүл хотын дээд шүүхээс дахин хуралдаж, түүнд оноосон ял шийтгэлийг хэтэрхий хөнгөн байна гэж үзсэн учраас холбогдох хэргийг цааш үргэлжлүүлэн шүүхээр болсон байна.

Түүнийг Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний найз Чуэ Сүн Шил нарт 3.4 тэрбум вонтой тэнцэх хэмжээний авлига өгсөн хэмээн прокурорын газраас буруутгажээ.

Улмаар өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр өмнө нь гаргасан алдаанууддаа уучлалт гуйж, компанийнхаа засаглалыг цааш  сайжруулах зорилгоор компанийн удирдлагыг хүүхдүүддээ залгамжлуулахгүй гэдгийг мэдэгдсэн байна.