Дэлхий даяар

Өнөөдөр дэлхий даяар Ковид-19 халдвар авсан хүний тоо 3.9 сая давсан бол нас барсан хүний тоо 270 мянгад хүрээд байна. Энэ дунд халдвар авсан хүнийх нь тоо өдөрт л 10 мянгаар нэмэгдэж  байгаа ОХУ-д халдварын нийт батлагдсан тохиолдол 177 мянга давснаар  Итали, Их британи зэрэг улсуудын хойно дэлхийд тавдугаарт жагсаж эхэлжээ. Хэдийгээр тус улсад нас баралтын түвшин нь бусад Европын улс орнуудтай харьцуулахад бага байгаа ч халдвар авсан хүмүүсийнх нь тоо одоо бүртгэгдсэн 177 мянгаас гурав дахин их байж болзошгүйг Москва хотын захирагч Сергей Собянин мэдэгдсэн байна. Улмаар Москва хотод тогтоосон хөл хорионы дэглэмийг энэ сарын 31-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Харин Япон улсад Гилеад компанийн үйлдвэрлэсэн Ремдесивир хэмээх эмийг Ковид-19 халдварын эмчилгээнд албан ёсоор хэрэглэх зөвшөөрөл олгосныг тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Одоогоор тус улсад халдварын нийт 15 мянган тохиолдол бүртгэгдээд байгаагаас 577 хүн нас бараад байгаа юм.

Харин АНУ-д нас барсан хүний тоо өдөрт л 2000-аар нэмэгдэж байгаагаас халдварын батлагдсан тохиолдлын тоо 1.2 сая давж, оргил үе нь дуусах болоогүй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.Гэсэн хэдий ч тус улсад ажилгүйдлын түвшин огцом нэмэгдэж, өнгөрсөн 3-р сарын дунд үеэс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 33 сая хүн ажилгүй болсон гэх тооцоо байгаа нь хөл хориог сулруулах шалтгаан болоод байгаа юм. 

Тодруулбал тус улсад ердөө хоёр сарын өмнө ажилгүйдлын түвшин сүүлийн 50 жил дэх хамгийн доод түвшинд хүртлээ буурч, 3.5 хувьтай байсан бол өнөөдөр 20 орчим хувь хүртлээ нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.