Энэтхэгт Химийн үйлдвэрт хий алдагдсаны улмаас 800 гаруй хүн хорджээ

Энэтхэг улсын өмнөд хэсэгт орших Химийн үйлдвэрт өчигдөр хий алдагдсаны улмаас 10 гаруй хүн амь үрэгдэж,  800 гаруй хүн хордлого авсан гэсэн шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн байна.Тус үйлдвэр нь Өмнөд Солонгосын "LG Кэмикал" компанийн эзэмшилд байдаг бөгөөд Коронавирусээс үүдэлтэй хөл хорионы улмаас өнгөрөгч 3-р сараас хойш үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоогоод байсан ч саяхнаас хөл хориог сулруулж эхэлсэнтэй холбогдуулаад эргэн үйл ажиллагаагаа сэргээгээд байжээ.Улмаар пүрэв гарагт тус үйлдвэрээс хортой хий алдагдаж эхэлсэнтэй холбогдуулаад ойролцоох тосгоны иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс амьсгал давчдах болон нүд хорсох зэрэг шинж тэмдгүүд илэрч, зарим нь ухаан балартаж унах зэргээр гүн хордлогонд орсныг эмнэлэгийн байгууллагаас мэдээлжээ.Улмаар энэ удаагийн осолтой холбогдуулаад “LG” компанийн зүгээс хохирогсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, хийн алдагдлыг зогсоосноо мэдэгдээд ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. Энэтхэг улсад 1984 онд  хортон шавж устгалын үйлдвэрт хий алдагдсаны улмаас 3,500 хүн амь үрэгдэж байсан нь тус улсын түүхэн дэх хамгийн том үйлдвэрийн осолд тооцогддог.