Дэлхий дахинд

Өнөөдөр дэлхий дахинд “Ковид-19” халдвар авсан хүний тоо 4.1 сая даваад байгаа бол нас барсан хүний тоо 283 мянгад хүрээд байна. Улмаар нийт батлагдсан тохиолдлуудын дөрөвний нэг нь бүртгэгдээд байгаа АНУ-д халдварын нийт 1 сая 300 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн ч оношлуурын тоо хязгаарлагдмал байгаа учраас бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтайг шинжээчид анхааруулжээ.

Одоогоор АНУ-д шинээр халдвар авсан хүний тоо тасралтгүй нэмэгдэж байгаагаас ерөнхийлөгч Доналд Трамптай ойрын хүмүүсээс Ковид-19-ийн халдвар илэрч эхэлсэн байна.Үүнтэй холбогдуулаад халдварт өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх төвийн дарга Роберт Редфилд, халдварт өвчин, харшил судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фочи тэргүүтэй ерөнхийлөгч Доналд Трампын тэргүүлэх зөвлөхүүдийг гэрт нь түр хугацаагаар тусгаарлах шийдвэр гаргаснаа цагаан ордон мэдээлжээ.

Харин Испани, Франц зэрэг барууны бусад улс орнуудын тухайд халдварын тохиолдол харьцангуй буурч байгаа ч цар тахлын хоёр дахь давлагаа нүүрлэх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Одоогоос хэдхэн сарын өмнө цар тахлын хамгийн том голомт болоод байсан итали улсад өнгөрөгч долоо хоногоос эхлэн хөл хорионы дэглэм хэсэгчилсэн байдлаар цуцлагдаж, хүмүүс гадаа дасгал хөдөлгөөн хийх болон гэр бүлийн гишүүд дээрээ зочлох боломжтой болсон бол Франц улсад өнөөдрөөс эхлэн хөл хорионы дэглэм тавигдаж эхлэх хувиартай байна.

Харин халдварын дэгдэлтийг амжилттай хяналтандаа оруулсан орнуудын тоонд багтаж байсан Өмнөд Солонгос улсад Ттэвон дүүрэг дэх шөнийн клубуудээр халдвар тарсны улмаас хөл хорионы дэглэмээ шинэчлэн тогтоож, Сөүл хотын захирагчийн албанаас шөнийн цэнгээний газруудыг хаах арга хэмжээ авснаа мэдэгджээ.