Хонконгт удирдагч Кэрри Ламыг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулагдлаа

БНХАУ-ын Ухань хотод өнгөрөгч 12-р сараас хойш дэгдсэн Ковид-19-ийн цар тахлын улмаас сүүлийн хэдэн сар харьцангуй нам жим байсан Хонконгт өчигдөр хэдэн зуун хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан байна.

Жагсагчдын зүгээс удирдагч Кэрри Ламыг огцрохыг шаардан, Хятад улсаас өрх тусгаарлаж тусгаар тогтнохыг уриалж байсан бөгөөд хэв журам сахиулагчдын тухайд нулимс асгаруулагч хий цацан жагсаалыг тараах оролдлого хийжээ.

Хэдийгээр өнгөрөгч онд Хонконгийн засгийн газар энэ бүх үймээн самууны гол эхлэлийг тавьсан хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслөө эргүүлэн татах шийдвэр гаргасан ч жагсагчдын зүгээс таван шаардлагыг нь нэгийг ч орхигдуулалгүй биелүүлэхийг шаардаж, эсэргүүцлийн хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Тэдгээрийн дотор жагсаалын үеэр баривчлагдсан бүх хүнийг ял шийтгэлгүйгээр суллан явуулах, ардчиллын төлөөх жагсаал цуглааныг бослого хэмээн тодорхойлохгүй байх, цагдаагийн ажилтнууд тэмцэгчдийн эсрэг хүч хэтрүүлэн хэрэглэсэн хэрэг дээр хараат бус шалгалтын комисс байгуулах, ардчилсан шууд сонгууль нэвтрүүлэх гэсэн 4 шаардлага үлдээд байна.

Тэгвэл цар тахлаас шалтгаалж сүүлийн хэдэн сар Хонконгт эсэргүүцлийн жагсаалууд харьцангуй намжаад байсан бол сүүлийн үед дотоодоосоо нэг ч халдвар илрээгүй гэсэн амжилттайгаар цар тахлын ерөнхийдөө хяналтандаа оруулаад байгаа нь эргээд жагсаал цуглаан газар авах нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.

Улмаар хэв журам сахиулагчдын зүгээс өчигдөр 3 жагсагчийг баривчилсан төдийгүй цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг зөрчсөн хэргээр зарим жагсагчдад 2000 америк долларын торгууль ногдуулсан байна.