Лангуу түрээслэгчдийн орлого хамгийн багадаа 50 хүртэлх хувиар буурчээ

Манай улсын зах зээлийн 50 гаруй хувийг Жижиг, дунд бизнес эрхлэгчид эзэлдэг. Тэдгээрийн хувьд Ковид-19 халдварын хөл хориотой холбоотойгоор орлого тасалдаж, ажилчдын цалин, түрээсийн төлбөр төлөхөд хүндхэн нөхцөлд орж эхэлсэн юм. Тэгвэл хөл хорио хэзээ цуцлагдах нь тодорхойгүй энэ үед  бизнес эрхлэгчдийн зүгээс цаашид ч нөхцөл байдал хүндхэн хэвээр үргэлжлэхээр байгааг хэлж байна.

Цайны цаг, иргэдийн хөл хөдөлгөөн харьцангуй ихэсдэг 12-13 цагийн үед цайны газруудын зал хоосон байсан юм. Тодруулбал хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд тэр дундаа Их дээд сургуулиудын ойролцоох Цайны газар, Паб, Кафейн орлого 50 хүртэлх хувиар буурчээ. Тэдний хувьд түрээслүүлэгч аж ахуй нэгжүүдийн зүгээс  түрээсийн төлбөрөө бууруулсан байдал харилцан адилгүй байна. Зарим түрээслүүлэгчид 50 хүртэлх хувиар түрээсийн төлбөрөө бууруулсан бол зарим аж ахуйн нэгжүүд түрээсийг бууруулаагүйг тэд онцолж байна.

Мөн их сургуулийн гудамжинд байрлах бичил бизнес эрхлэгч бичиг хэрэг, хэвлэлийн газруудын орлого буурчээ. Тэдний хувьд 4-5 дахин орлого нь буурсан болохыг онцолж, түрээсийн хувьд ямар нэгэн хөнгөлөлт эдлээгүйгээ хэлж байлаа. Харин бэлэн хувцас жижиглэнгийн бараа зардаг түрээслэгчдийн хувьд нөхцөл байдал хүнд байсаар байгааг онцолж байна.

Иргэдийн цалин буух үеэр сард нэг удаа худалдан авалт харьцангуй гайгүй болж буцаад өдөртөө борлуулалтгүй буух үе гарч байгааг бэлэн бараа хувцасны лангуу түрээслэгчид хэлж байсан юм . Бидний орсон дэлгүүрт орлого тасалдсанаас болж хаагдсан хоосон лангуунууд их таарч байлаа. Мөн хүмүүсийн хөл хөдөлгөөн багассанаас шалтгаалж худалдаа эрхлэгчид лангуугаа түр хааж зогссон байдалтай байгаа юм. Дэлхийн бусад улс орнуудад Хоёрдугаар сарын 6-наас Тавдугаар сарын 6 хүртэл бүх бизнес эрхлэгчдээ татвар, түрээсээс нь чөлөөлөх арга хэмжээ авсан. Харин манай улсын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Гэхдээ зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгчдэд дээрх шийдвэр хэрэгжиж байгаа юм.