Иранд байлдааны сургуулилтын үеэр өөрсдийн хөлгийг харвасны улмаас 19 цэрэг амь үрэгдлээ

Ираны зэвсэгт хүчний хөлөг онгоц өчигдөр ормузын хоолойд сургуулилалт хийх үеэрээ өөрсдийн онгоц руу пуужин харвасны улмаас 19 усан цэрэг амь үрэгдсэнийг тус Улсын төв мэдээллийн агентлаг уламжилсан байна.Тухайн үед хөлөг онгоц пуужингийн буудлагад зориулсан байнуудыг суурилуулж байсан бөгөөд байнаас хангалттай зайд холдож амжаагүй байх үед нь пуужин харваснаар энэхүү осол  гарсан гэж үзжээ.

Одоогоор тус хөлөг дээр хичнээн далайчин байсан талаарх тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгааг Иран улсын албаныхан мэдээлсэн байна.

Дэлхийн нийт газрын тосны 20 хувь нь тээвэрлэгдэж өнгөрдөг Ормузын хоолойд Иран улсын зүгээс энэ төрлийн байлдааны сургуулилтыг тогтмол явуулдаг. Тэгвэл энэ удаагийн осол нийслэл Тегеран хотоос зүүн өмнөд зүгт 1270 километрийн зайтай Жаск боомтын ойролцоох тэнгисийн усанд болжээ.

Иран улсын тухайд байгаа андуурч цохилт өгсөн анхны тохиолдол нь энэ биш бөгөөд энэ оны эхэнд 176 зорчигчтой Украины иргэний агаарын тээврийн  онгоцыг АНУ-ын пуужинтай андуурч цохилт өгсөн хэрэг гарсан юм. Иран улсын зүгээс эхэндээ энэхүү ослыг онгоцны хөдөлгүүрт гарсан гэмтэлтэй холбон тайлбарлаж байсан боловч осол гарснаас гурван хоногийн дараа өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, санамсаргүй байдлаар харван унагаснаа мэдэгдэж байжээ.