Улсын төсвөөс төлсөн 1.3 тэрбум төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах шаардлагатай

Өнгөрөгч гурван жилийн байдлаар буюу 2017-2019 онд төрийн албанаас хууль бусаар халагдаж, буцаан томилогдохоор шүүхийн шийдвэр гарсан нийт 796 албан тушаалтан байгааг авлигатай тэмцэх газраас судалж тогтоожээ. Дээрх 796 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхөд нийт  дөрвөн тэрбум ерэн дөрвөн сая  төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарсан байдаг . Тэгвэл дээрх төлбөрийн 1.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан, цаашлаад төсөвт зохиомол хүндрэлийг учруулж байгаа юм.

Тиймээс хууль бусаар нийтийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон, нөхөн олговор олгосон байдалд дүн шинжилгээ хийсний үндсэнд Улсын төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах шаардлагатай гэж авлигатай тэмцэх газраас үзжээ. Хууль бусаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдын тухайд ихэвчлэн Нутгийн удирдлагын байгууллага, боловсролын салбарын алба хаагчид зонхилж байна. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нийтийн албан тушаалтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр хяналт тавьж ажилладаг. Энэ хүрээнд дээрх төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан асуудлыг Үндэсний аудитын газарт хүргүүлж, шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүлжээ.