Афганистаны нийслэл Кабул хотын амаржих газарт халдлага гарчээ

Орон нутгийн цагаар  мягмар гарагийн өглөө 10 цагийн үед Афганистаны нийслэл Кабул хотын амаржих газарт халдлага болж 14 хүн амь үрэгдсэнээс 2 нь нярай хүүхэд байсныг албаныхан мэдээллээ. Улмаар Афганистаны тусгай хүчнийхэн эмэгтэйчүүд, хүүхдүүд болон  эмч нар тэргүүтэй 100 гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Энэхүү халдлагатай зэрэгцээд Афганистаны зүүн муж болох Нангархар  хотод байрлах  оршуулгын  газарт мөн дэлбэрэлт болж 26 хүн амь үрэгджээ. Исламын улс бүлэглэлийн зүгээс Нангархар хот  дахь халдлагын ард байгаагаа мэдэгдсэн бол харин эмнэлэгт гарсан зэвсэгт халдлагын ард ямар бүлэглэл буруутай нь одоогоор тодорхойгүй байна.

Энэхүү халдлагын дараа  АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэл хийхдээ  "Гэм зэмгүй иргэдэд халдах нь уучилж боломгүй зүйл, нярай болон жирэмсэн эмэгтэйчүүд рүү дайрах нь аймшигтай хэрэг"  хэмээн мэдэгдсэн байна. Халдлагын дараагаар тус улсын ерөнхийлөгч Ашраф Гани  хэлэхдээ Талибан болон бусад бүлэглэлүүдийн эсрэг авах арга хэмжээг эхлүүлэх тушаал өгч байгаагаа мэдэгдсэн байна.

Хэдийгээр өнгөрөгч 2 дугаар сард АНУ талибантай Афганистаны дайнд цэг тавих гэрээ байгуулсан ч талууд хоригдол солилцох тал дээр зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас энэ төрлийн зэвсэгт халдлагууд үргэлжлэн гарсаар байгаа юм.

Талибаны дайныг эргэн сөхвөл 2001 оны 9-р сарын 11-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо орших дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагт гарсан террорист халдлагын дараагаар талибаны бүлэглэлийнхэн Аль-Кайда бүлэглэлийн толгойлогч агсан Осама Бин Ладеныг орогнуулж, улмаар АНУ-аар удирдуулсан зэвсэгт хүчин тус бүлэглэл рүү дайралт хийснээр 18 жил үргэлжилсэн Афганистаны дайн эхэлсэн түүхтэй.