ОХУ

Өнөөдөр дэлхий дахинд Ковид-19 халдвар авсан хүний тоо 4.3 саяд хүрч, нас барсан хүний тоо 292 мянга  давсан бол эдгэрсэн хүний тоо 1.5 саяд хүрээд байна.

Энэ дунд манай хойд хөрш ОХУ-д 232 мянган хүн халдвар авснаар нийт бүртгэгдсэн тохиолдлын тоогоороо АНУ, испани гэсэн орнуудын араас  дэлхийд гуравдугаарт бичигдэх тааруу үзүүлэлт үзүүлжээ. Хэдийгээр тус улс коронавирусийн цар тахлын томоохон голомт улсуудын нэг болж хувираад байгаа ч итали, их британи зэрэг бусад халдварын тархалт өндөр байгаа орнуудтай харьцуулбал нас барсан хүний тоо нь хэдэн арав дахин бага байгаа юм.

Энэ сарын эхэнд ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин Ковид-19-ийн халдвар авсан нь тогтоогдож, өөрийгөө тусгаарлаад байгаа бол ерөнхийлөгч Владимир Путины дахин нэг ойрын хүн болох Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, эмнэлэгт хэвтжээ.

Хэдийгээр тус улсад сүүлийн 10 хоног дараалан нэг өдөрт шинээр халдвар авсан хүний тоо нь 10 мянга давсан үзүүлэлттэй байгаа ч ерөнхийлөгч Владимир Путины зүгээс цар тахлын тархалт намжсан бүс нутгуудаар хөл хорионы дэглэмийг сулруулах бодлого хэрэгжүүлж эхлээд байна.

Ерөнхийлөгч Владимир Путины тухайд нийслэл Москва хотын гадна өөрийгөө тусгаарлах арга хэмжээ аваад байгаа бөгөөд түүний биеийн байдал сайн, аюулгүй байгаа гэдгийг Кремлийн ордноос мэдэгджээ.

ОХУ-ын нэгэн адилаар франц, энэтхэг зэрэг улсууд өчигдрөөс эхлэн хөл хорионы дэглэмээ сулруулж, хүүхдүүд хичээл сургуульдаа эргэн явж эхэлсэн бол АНУ ч мөн удахгүй хөл хорионы дэглэмээ сулруулахаар төлөвлөж байна.

Хэдийгээр энэ нь хямралд орсон эдийн засгаа аврах ганц найдвар болж хувираад байгаа ч АНУ-ын улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Энтони Фочигийн зүгээс хөл хорионы дэглэмийг хэт эрт сулруулах нь асар том эрсдлийг дагуулна гэдгийг анхааруулжээ.

Улмаар нэг өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол сүүлийн 14 дараалан буурсан нөхцөлд л хөл хорионы дэглэмийг цуцлах тухай хэлэлцэх боломжтой гэж тэрбээр мэдээлсэн байна.

Харин цар тахлын аюулыг амжилттай хяналтандаа оруулсан орнуудын тоонд орж байсан өмнөд солонгос улсад өнгөрөгч долоо хоногт шөнийн цэнгээний газруудаар Ковид-19-ийн халдвар тархсантай холбогдуулан тэдгээр газруудаар үйлчлүүлсэн хүмүүсийг гар утасны датагаар нь дамжуулан хянах арга хэрэглэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.