Энэ долоо хоногт УИХ, Засгийн газрын тухай хуулийг батална

УИХ-ын хаврын чуулган энэ баасан гарагт хаалтаа хийх хувиартай байна. Энэ хаврын чуулганаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдан батлагдах 46 хуулийн төслийг батлах ёстой байснаас хамгийн их ач холбогдолтой хуулиудыг баталж чадсан байна. Харин үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдах үлдсэн 40 орчим хуулийг дараагийн УИХ-ын бүрэлдэхүүн хэлэлцэн, батлах эсэхийг нь шийдэхээр хуваарьт оруулжээ.

Одоогийн парламент энэ хаврын чуулганаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдан батлагдах зайлшгүй шаардлагатай УИХ-ын тухай хууль, засгийн газрын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай гэсэн 3 хуулийг  хэлэлцэн баталж чадсан байна. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын тухай хуулийг батлахдаа УИХ-ын үндсэн ажил буюу хууль тогтоох, хянах шалгах, төсөв батлах, ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүргийг шинэчилсэн найруулгын төсөлд нарийвчлан тусгасан байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн мөрдөгдөнө.

Гэхдээ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдаж батлагдах засгийн газрын тухай хуулийг энэ долоо хоногт УИХ эцэслэн батлах хувиартай. Учир нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн дээрх хуулиудыг батлахгүй бол ирэх 7-р сард сонгуулийн үр дүнгээр байгуулагдах дараагийн парламент, засгийн газар эрх зүйн чадамжгүй болох асуудал тулгарч магадгүй байна. Тиймээс УИХ, ЗГ-ын тухай хуулиудыг энэ чуулганаар баталж дуусах зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм.

Харин дараагийн парламент монгол улсын шүүхийн тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай, сахилга хариуцлагын тухай, хуульчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх ёстой юм.