Улаанбаатар-Баянчандмань чиглэлийн 37 км авто замыг долоодугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Өнгөрөгч онд эхлүүлсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн, шинэчлэх бүтээн байгуулалтын ажил нэг жилийг дамнаад байгаа. Хэдийгээр гүйцэтгэгч компаниуд энэ онд 204 км авто замыг хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан ч "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор ажиллах хүчний асуудал үүсч, бүтээн байгуулалтын ажил удааширчээ. Хэрэв БНХАУ-аас удирдах шатны 105 инженер, операторуудыг 5-р сард багтаан Монголд ирүүлээгүй тохиолдолд авто замыг 9-р сарын 30-нд хүлээлгэн өгч чадахгүйд хүрэх эрсдэлтэй байна.

Азийн хөгжлийн банкны зээлээр "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл"-ийн хүрээнд, Улаанбаатар-Дархан чиглэлд 204 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2019 оны 6-р сарын 17-нд эхлүүлсэн. Энэхүү зээлийн хүрээнд ОУ-ын тендер зохион байгуулахаар заасан учраас 204 км замын төслийг 5 багцад хувааж, Улаанбаатар-Баянчандмань, Хар модотын даваа-Урьхан, Урьхан-Сүмбэрийн уулзвар, Сүмбэрийн уулзвар-Цайдамын хөндий, Цайдамын хөндий-Дарханы тойрог уулзвар хүртэлх зайнд 4 компанид тендер олгожээ. Харамсалтай нь 2, 4-р багцийн замын ажлыг авсан компанийн гүйцэтгэл 2019 оны 12-р сарын 13-ны байдлаар 15-16 хувьтай. Өнөөдрийн байдлаар Монголын туслан гүйцэтгэгчгүй гэх шалтгаанаар бүрэн зогссон байдалтай байна. Харин Улаанбаатар-Баянчандмань чиглэлийн 37 км авто замын ажил харьцангуй жигдэрсэн, 7-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Дархан-Цайдамын хөндий чиглэлийн 30 км авто замын суурь үеийн ажил хийгдсэн. Урьхан-Сүмбэрийн уулзвар чиглэлийн авто замын гүүрийн ажил үргэлжилж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд нийт 1298 Хятад ажилтан, 300 Монгол ажилтан ажиллана. Харамсалтай нь хөл хорио тогтоосонтой холбогдуулан, БНХАУ-аас ирэх инженер, операторууд Монголд ирж чадахгүйд иржээ. Хэдийгээр суурь үеийн ажлыг Монголын талаас туслан гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэх ч, Хятадын талын ажилтнууд заавал авто замын суурийн дунд болон дээд үеийн ажлыг хийх юм байна.

Одоогоор Улаанбаатар-Дархан чиглэлд байгуулсан түр замыг арчлах үйл ажиллагаа өдөр тутам явагдаж байна. Харамсалтай нь өдөрт дунджаар 5000 автомашин зорчдог. Улмаар тоосжилт үүсч байгаа учраас автозамыг яаралтай бүтээн байгуулахгүй бол энэ зуны туршид зөвхөн зам услах зардалд 3 тэрбум төгрөг зарцуулах эрсдэлтэй гэдгийг ч анхаарууллаа.