Хөл хорионы үед

          Эцэг, эхчүүд өдөрт дунджаар 15 минутын "Чанартай цаг"-ийг хүүхдэдээ зарцуулснаар тэдний өсөлт хөгжил, сэтгэн бодох чадвар, сэтгэл зүйд эерэг нөлөөтэй болохыг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл урт хугацааны хөл хорио тогтоосон энэ үед эцэг эхчүүдийн тухайд гэр бүл, үр хүүхэдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх боломж олдож байна. Тиймээс энэ цагийг ашиглаж гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ ярилцах, тэднийг сонсож ойлгон  "Чанартай цаг" гаргахыг сэтгэл зүйчид зөвлөж байна. Гэр бүлүүд нэг гэрт хамтдаа амьдарч байгаа нь гэр бүлдээ цаг зарцуулж байна гэсэн үг биш юм. Учир нь гэр бүлийн гишүүн бүр өөр өөрийн ажил, сурч боловсрох сонирхлынхоо дагуух зүйлсээ тус тусдаа хийдэг. Харин гэр бүлийг нэгтгэж, эерэг уур амьсгал бүрдүүлэхэд гэр бүлтэйгээ хамт үр дүнтэй зүйл хийх "Чанартай цаг"-ийг гаргах нь чухал байна. Тухайлбал хүүхдэд хамгийн багадаа 15 минутын "Чанартай цаг"-ийг зарцуулахыг сэтгэл зүйчид зөвлөж байна.

Эцэг эх, гэр бүлээс нь өөрт нь цаг гаргаж ярилцаж, сонсдоггүйгээс хүүхэд хайрлагдаж байгаагаа мэдрэхгүй өсөх, улмаар өөртөө итгэлгүй, зан үйлийн доголдолтой, сэтгэл зүйн асуудалтай болж төлөвшдөг байна. Мөн зөвхөн хүүхэд гэлтгүй гэр бүлийн хосууд чанартай цагийг өөрсдөдөө зарцуулснаар харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг сэтгэл зүйч зөвлөж байна. Гэр бүлийн "Чанартай цаг"-т ямар үр дүнтэй зүйл хийж болохыг гэр бүлийн гишүүн бүр санаачлах боломжтой. 

Хөл хорио тогтоосон энэ цаг үед гэр бүл, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг нэмэгдэж байгаа нь хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн харилцаанд эерэг зүйл болж байгааг иргэд онцолж байна. Мөн хөл хорионы энэ үе нь хүүхдийг аливаа зүйлийг төлөвлөх бие даан суралцах нөхцөл болж байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ нас, сэтгэхүйд тохируулж өдөр тутмынх ажил үүрэг, чөлөөт цагаар хийх зүйлсийг хуваарь гаргаж хийлгэхийг зөвлөж байна. Ингэснээр хүүхэд уйтгарлах, ганцаардах, буруу дадал хэвшилд өртөхөөс сэргийлнэ гэдгийг онцолж байна.