Европын орнууд Аялал жуулчлалаа сэргээхээр төлөвлөж байна

Өнөөдөр дэлхий дахинд Ковид-19 халдвар авсан хүний тоо 4.4 сая болж нэмэгдсэн бол нас барсан хүний тоо 298 мянгад хүрээд байна. Одоогоор халдварын тархалтыг зогсоох цорын ганц найдвар нь вакцин болж хувираад байгаа ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр ковид-19 халдвар цаашид дархлалын олдмол хомсдол шиг "Эндемик" буюу бүрэн устдаггүй өвчин болж үлдэх магадлалтай байгааг анхааруулжээ.

Тэр ч үүднээсээ халдварын тархалтыг зогсоохын тулд дэлхий нийтээр илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тэгвэл сүүлийн үед хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж, Цар тахлын үеэр дасан зохицох бодлого баримталж эхлээд байгаа Европын улс орнуудын тухайд зогсонги байдалд ороод байгаа аялал жуулчлалын салбараа эргэн сэргээх зорилгоор Европын холбоо дотроо хилээ нээх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Одоогоор цар тахлын улмаас шенгений бүсүүдээр хилийн хориг хэрэгжиж  байгаа ч Европын холбооны аялал жуулчлалыг эргэн сэргээж, энэ зуныг жуулчдын улирал болгох хүсэлтэй байгаагаа Европын холбооны удирдагчид мэдэгдсэн юм.

Үүний хүрээнд Австри, Герман зэрэг улсууд хилийн хоригоо сулруулах тал дээр зөвшилцөлд хүрсэн бөгөөд ирэх 6-р сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр улсын иргэд хоорондоо чөлөөтэй зорчих боломж нээгдэнэ гэдгийг мэдэгджээ. Тэгвэл цар тахлын хамгийн том голомт болоод байгаа АНУ хөл хориог сулруулах тал дээр маш болгоомжтой хандаж байгаагаас хөрш зэргэлдээх канад улстай тогтоосон хилийн хоригийг 6-р сарын 21 хүртэл сунгах шийдвэр гаргаад байгаа юм.