АНУ БНХАУ-ыг вакцины судалгааг нь хулгайлахыг завдсан хэрэгт буруутгалаа

       АНУ-ын зүгээс вакцин бүтээх ажлын судалгааг  БНХАУ-ын хакерууд хулгайлахыг завдсан хэрэгт буруутгасан байна.

Тодруулбал Хятад улсын зүгээс АНУ-ын эсрэг кибер халдлага үйлдэж, Ковид-19-ийн эмчилгээ болон вакцин бүтээх ажлын талаарх мэдээлэл, оюуны өмчийг хулгайлах оролдлого хийсэн гэж АНУ-ын холбооны мөрдөх товчоо мэдэгджээ.

Үүний хариуд БНХАУ-ын Гадаад харилцааны яам  мэдэгдэл хийж, Коронавирусний эсрэг вакцин бүтээх ажилд Хятад улс дэлхийд тэргүүлж явааг онцлоод ямар нэг нотлох баримтгүй, ор үндэслэлгүй мэдээллийг түгээхгүй байхыг АНУ-аас шаардсан байна.

Хэдийгээр АНУ-ын зүгээс Хятад улсыг кибер тагнуулын үйл ажиллагаа болон оюуны өмчийн хулгайн хэрэгт удаа дараа буруутгадаг ч Хятад улсын талаас үүнд тухай бүрт нь няцаалт хийсээр байгаа юм. Худалдааны дайны улмаас хүйтэн дайны үеийнхээс ч таагүй байдалд байсан хоёр орны харилцаа цар тахлын нөлөөгөөр улам хурцадмал байдалд шилжих эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс Хятад улсыг Коронавирусний халдварыг нуун дарагдуулж, дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрэх нөхцлийг бүрдүүлсэн хэмээн буруутгаад байгаа бол хятад улсын талаас АНУ-ыг худал ташаа мэдээлэл түгээж, Хятад улсыг санаатайгаар харлуулах бодлого баримталж байна хэмээн шүүмжилсэн байна.