ОБЕГ болон ЦУОШГ-аас өнөөдөр цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдэл болохыг онцгойлон анхаарууллаа

Өнөөдөр  Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул малчид ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн  Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл болох төлөвтэй байна. Түүнчлэн 16,17-ны өдрүүдэд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Нийслэл хот орчмоор мөн өмнөх өдрүүдээс харьцангуй хүйтэрч хур тунадас, нойтон цас орох тул ард иргэдийг дулаан хувцастай гарахыг зөвлөж байна.

Ийм төрлийн  цаг агаарын үзэгдэл манай оронд 2008 онд тохиож байжээ. Тодруулбал,  2008 оны 5-р сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга  шуурч 28-34м/с хүрч байсан бол,  Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар (28-30м/с) шороон шуурга, Төв, Дундговь, Дорнод  аймгийн нутгаар (16-24м/с)  хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгаль цаг уурын гамшигт үзэгдэл тохиолдож байсан юм. Уг гамшигт үзэгчлийн улмаас 52 хүний амь эрсдэж 382'000 орчим толгой мал хорогдож, эрчим хүчний 62 шон холбооны 668 шон унаж, 110 барилгын дээвэр хууларч  томоохон хэмжээний гарз хохирол учирч байжээ.