Дотоодын үйлдвэрлэл тасалдсанаас үүдэж цементийн нийлүүлэлт багасаж, үнэ өсжээ.

Барилга, бүтээн байгуулалтын улирал эхэлж барилгын материалын худалдан авалт ихсэж байна. Гэвч барилгын гол түүхий эд болох цементийн  үнэ ханш огцом нэмэгджээ.

Манай улсад дотоодын 6 үйлдвэрлэгч компани цемент үйлдвэрлэдэг. Эдгээрээс нэг аж ахуйн нэгж нь Бүгд Найрамдах Хятад улсын 100 хувь хөрөнгө оруулалттай компани байдаг. Тэгвэл тус компани ковид-19 халдварын дэгдэлттэй холбоотойгоор Хятадаас ажилчид нь орж ирэхгүй байгаагаас үйлдвэрлэл зогсжээ. Харин  Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Дорноговь аймаг дахь салбар цахилгаан дамжуулах агаарын шугамын их засвараас үүдэж Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Мак, Монцемент компани дээр цахилгаан тасалдаж үйлдвэрлэлд нөлөөлжээ. Харин СХД-т үйл ажиллагаа явуулдаг нэг аж ахуй нэгж түүхий эдийн нөөц ховордсоноос үйлдвэрлэл зогсжээ.  Өнөөдрийн байдлаар дотоодын үйлдвэрлэгч 6 аж ахуйн нэгжээс хоёр нь буюу "Налгар түшиг", хөтөлийн "Цемент шохойн" үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ шалтгаанаар зах зээл дээрх цементний нийлүүлэлт багасаж үнэд нөлөөлжээ. Дотоодын үйлдвэрлэгчид 1 тонн задгай цементийг 167 мянган төгрөгөөр, уутан савлагаатай нэг тонн цементийг 175 мянган төгрөгөөр, 1 уут цементийг 8800 төгрөгөөр зах зээлд борлуулдаг. Тэгвэл барилгын зах бөөний төвд уут цемент 13-17 мянган төгрөг, нэг тонн нь 280-340 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Тодруулбал цементийн үнэ уут тутам 4000-8000 төгрөгөөр, тонн тутам 100-165 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Цементийн  үнэ, нийлүүлэлттэй холбоотой гомдол хэрэглэгчдээс тасралтгүй ирж байгаа учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Дотоодын үйлдвэрлэгчид болон Гэрээт борлуулагч барилгын материалын зах худалдааны төвд шалгалтын ажиллагаа явуулж байгааг мэдээлж байна. Мөн Цементийн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өгсөн мэдээллээр дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнэ нэмэхгүй гэсэн албан ёсны мэдэгдэл өгсөн байна.