Дэлхий дахинд цар тахлын улмаас нас барсан хүний тоо 300.000 давлаа

Өнөөдөр дэлхий дахинд Ковид-19 халдвар авсан хүний тоо 4.5 саяд хүрээд байгаагаас нас барсан хүний тоо 300 мянга давжээ. Өнгөрөгч оны 12-р сард БНХАУ-ын Ухань хотноо анх илэрсэн шинэ төрлийн коронавирусний халдвараар хүний амь нас эндсэн анхны тохиолдол 1-р сарын 10-ны өдөр анх бүртгэгдэж байсан бол түүнээс 126 хоногийн дараа ийнхүү 300 мянга даваад байна.

Тэгвэл дэлхий дахинд хамгийн аюултай халдварт өвчний тоонд ордог хумхаа өвчнөөр жилд дунджаар 400 мянган хүн нас бардаг гэсэн тооцоо байгаа юм. Хэдийгээр Ковид-19-ийн нас баралтын түвшин 1918 онд дэгдэхдээ 500 сая хүнийг өвчлүүлж, 50 сая хүний амь насыг авч одож байсан Испанийн томуугаас хэд дахин бага байгаа ч бодит тоо нь одоо бүртгэгдсэн 300 мянгаас хавьгүй өндөр байх магадлалтайг шинжээчид мэдээлсэн байна.

Тэгвэл цар тахлын анхны голомт болох БНХАУ-ын Ухань хотод халдварын тархалт дахин эрчимжих эрсдэл үүссэнтэй холбогдуулан тус хотын 11 сая хүнийг бүгдийг нь 10 хоногийн дотор шинжилгээнд хамруулах шийдвэр гаргажээ.

Энэ долоо хоногийн тухайд АНУ-аас эхлээд Европ, цаашлаад азийн улс орнуудаар хөл хорионы дэглэм суларч, хүмүүс ажил төрөлдөө буцан орж, хүүхдүүд хичээл сургуульдаа явж эхэлсэнтэй холбоотойгоор дэлхий дахинд цар тахлын хоёр дахь давалгаа нүүрлэх эрсдэл тулгараад байна. Хамгийн сүүлд л гэхэд Япон улсад өнгөрөгч сараас эхлэн улс орон даяар хэрэгжиж эхэлсэн онц байдлын арга хэмжээ хэсэгчилсэн байдлаар цуцлагдсан бол Канад улсын ерөнхий сайд Жастин Трудө ирэх 6-р сарын 1-нээс эхлэн хөл хорионы дэглэмийг мөн сулруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Харин ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын шинэ тохиолдол өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад харьцангуй бага буюу 9974-өөр нэмэгдсэн нь сүүлийн 3 хоног дараалан буурсан үзүүлэлт болсон байна. Одоогоор тус улсад нийтдээ 252 хүн халдвар аваад байгаагаас 2300 хүн нас барж, 53 мянга хүн эдгэрчээ.