АНУ-аас Хятад улс руу үзүүлдэг цэрэг армийн шахалтаа улам эрчимжүүлж эхэллээ

Ковид-19-ийн цар тахалтай зэрэгцээд АНУ-ын зүгээс Хятад улс руу цэрэг армийн шахалтаа улам эрчимжүүлэх болсныг CNN агентлаг мэдээлсэн байна.

Тодруулбал Өнгөрөгч долоо хоногоос эхлэн өмнөд хятадын тэнгист АНУ-ын байлдааны хөлөг онгоц болон агаарын хүчний B1 загварын бөмбөгдөгч онгоцууд үзэгдэх болсон нь цар тахлын аюул нүүрлээд байгаа энэ цаг үед бүс нутаг дахь АНУ-ын нөлөөлөл буураагүй гэдгийн дохио болж байна гэж ажиглагчид мэдээлжээ. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс Хятад улсыг дэлхий дахинд тэргүүллээ тогтоохын тулд цар тахлыг санаатайгаар тараасан хэрэгт буруутгаж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа нь хоёр орны харилцаанд дахин сэв суух эхлэлийг тавиад байна.

Одоогоор АНУ-ын хувьд цар тахлын хамгийн том голомт болж хувираад байгаа ч Хятад улсын эсрэг хориг арга хэмжээ авахад Ковид-19-ийн халдвар огт саад учруулахгүй гэдгийг анхааруулжээ.

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр орны тухайд сүүлийн жилүүдэд худалдааны дайнаас шалтгаалан таагүй харилцаа үүсээд байсан бол цар тахлын нөлөөгөөр улам хурцадмал байдалд шилжих хандлагатай байгаа нь коронавирусний эсрэг хийх дэлхий нийтийн тэмцэлд саад учруулна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй дахин хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлгүй байгаагаа илэрхийлсний зэрэгцээ тус улстай дипломат харилцаагаа таслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр Ковид-19 халдварыг "Хятадын вирус" хэмээн тодорхойлж, цар тахалтай холбоотойгоор учирсан бүх хохирлыг Хятад улс барагдуулах үүрэгтэй хэмээн шүүмжлээд байгаа бол Хятад улсын талаас үүний хариуд АНУ-ыг 2008 оны санхүүгийн хямрал болон дархлалын олдмол хомсдлын вируст буруутай хэмээн мэдэгджээ.