Дэлхий дахинд

Өнөөдөр дэлхий дахинд Ковид-19 халдвар авсан хүний тоо 4.8 сая даваад байгаа бол нас барсан хүний тоо 316 мянгад хүрээд байна. Улмаар нийт батлагдсан тохиолдлуудын дөрөвний нэг нь бүртгэгдээд байгаа АНУ-д халдварын нийт 1 сая 600 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол  Бразил улсад сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж эхэлсэн байна.

Харин ОХУ-ын тухайд одоо бүртгэгдсэн 281 мянган тохиолдлын 142 мянга нь нийслэл Москва хотод илэрсэн ч сүүлийн өдрүүдэд алслагдсан бүс нутгуудаар нь халдвар авсан хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж эхэлснийг албаныхан мэдээлжээ.  Улмаар ерөнхийлөгч Владимир Путины зүгээс даваа гарагт болсон цахим хурлын үеэр ОХУ-ын 85 мужид хөл хориог цуцлах аль эсвэл цаашид үргэлжлүүлэх захирамж нь мужийн захирагч нарт томоохон бэрхшээлийг үүсгэж байгааг мэдэгдсэн байна.

Тэгвэл халдварын дэгдэлтийг амжилттай хяналтандаа оруулсан орнуудын тоонд багтаж байсан Өмнөд Солонгос улсад шөнийн цэнгээний газруудаар  халдварын 153 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнгөрөгч ням гарагт 13-аар нэмэгдэн 168 болжээ. Үүнтэй зэрэгцээд өнгөрөгч ням гарагт Непал улсын нийслэл Катманду хотод Ковид-19 цар тахлын улмаас хүний амь нас үрэгдсэн анхны тохиолдол бүртгэгдсэн бйана.

Тэгвэл Ковид 19 цар тахлын анхны голомт БНХАУ-ын Ухань хотын адил хамгийн эхний халдвар бүртгэгдсэн хотуудын нэг болох шулан хотод дахин халдвар бүртгэгдсэний улмаас 8000 гаруй хүнийг хөл хорионд оруулах шийдвэр гаргажээ. Харин Испани улсын хувьд анх удаа өдөрт 87 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 2 сарын хугацаан дахь хамгийн бага тохиолдол болсон байна. Ийнхүү халдварын тохиолдол дэлхийн зарим улсад харьцангуй буурч байгаа ч цар тахлын хоёр дахь давалгаа нүүрлэх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.